47 удаа хутгалуулж амь үрэгдсэн бүсгүйн хэрэгт Эштон Катчер мэдүүлэг өгөв

Холливүдийн нэрт жүжигчин 41 настай Эштон Катчерийг хүн амины хэргийн гэрчийн хувиар шүүхэд дууджээ. 2001 онд түүний танил бүсгүй Эшли Эллеринийг 47 удаа хутгалан онц хэрцгийгээр хөнөөсөн юм. Яг тэр орой, аллага гарсан тухайн цаг үед Эштон Катчер Эллериний гэрийн гадаа очсон төдийгүй цонхоор өнгийж харснаа мэдүүлэгтээ дурьдсан удаатай аж.

Амрагийн ямар нэгэн харьцаагүй  ч гэсэн тухай орой 22:50 цагийн орчимд Эллеринтэй хамтдаа “Нэг газар сууж, зүгээр шар айраг ууя” гэсэн хүсэлт тавьсныхаа дагуу Эштон Катчер очжээ. Бүсгүй ч зөвшөөрч, “Би саяхан шүршүүрээс гарлаа. Үсээ хатаачихаад бэлэн болно” гэж сүүлчийн зурвасаа түүн рүү илгээсэн байна.

Гэвч гэрийнх нь гадаа очоод утас руу нь залгахад хариулаагүй тул Каштер цонхоор шагайж үзжээ. Шалан дээр улаан толбо харагдсан ч улаан дарс асгасан юм байх гэж таамагласан гэнэ.

“Дуудлагад хариу өгөхгүй, утсаа авахгүй байсан. Хонхыг нь дартал хэн ч ирж хаалга тайлаагүй. Тэгэхээр нь би цонхоор өлийж харсан юм. Эшли харагдаагүй. Гэхдээ шалан дээр улаан толбо болсныг анзаарсан. Улаан дарс асгачихаж дээ л гэж бодсон. Надтай уулзахгүй, өөр төлөвлөгөөтэй болсон юм байлгүй гэж бодоод би яваад өгсөн юм. Тэгээд дахиж утасдаагүй. Бид хоёр дөнгөж л үерхэж эхэлж байсан болохоор нэг их шавдуулахгүй байя гэж бодоод яваад өгсөн юм…” хэмээн Эштон Катчер шүүхийн танхимд өгүүлжээ.

Харин маргааш өглөө нь Эшли Эллериний цогцсыг гэрээс нь олсон байна. Энэ тухай мэдээ дуулмагцаа Эштон Катчер их айсан гэнэ. Учир нь тэр орой хаалганы бариул дээр түүний хурууны хээ тодоос тод үлдсэн. Гэхдээ цагдаа нар түүнийг буруутгах гэж яарсангүй. Хэргийн газраас хэрэгтний ДНК-г олж илрүүлэн, мөрдөн шалгалтаа эхлүүлжээ.

Эллериний хөрш Майкл Гаржулио хэмээх засварчин залууг цагдаа нар эхнээсээ сэжиглэсэн байна. Учир нь тэрбээр хэрэг гарснаас хойш гэртээ үзэгдэлгүй алга болжээ. Долоон жил эрэн сурвалжилсны эцэст Гаржулиог баривчлахад хэргээ хүлээсэн төдийгүй өөр есөн эмэгтэйг хөнөөсөн гэж мэдүүлсэн байна. Гэхдээ цагдаа нар түүнийг нийт дөрвөн эмэгтэй хөнөөснийг нь л хөдөлбөргүй нотолж чаджээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE