Допингийн улмаас эрхээ хасуулсан гарьд Ө.Бат-Орших барилдаж байна /бичлэг/

Увс аймгийн бөхчүүдийн үүсгэн байгуулсан Увс нуур галын 20 жилийн ойн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болж байна.

Увс нуур гал байгуулагдснаас хойш 20 жилийн наадамд 34 улсын цолтон мэндэлжээ. Хүчит 256 бөх зодоглож буй тус барилдааны зүүний магнайд улсын аварга Н.Батсуурь, барууны магнайд улсын аварга С.Мөнхбат бослоо. Харин зүүний дагавар магнайд улсын гарьд Ө.Бат-Орших гарлаа.

Жил гаруйн өмнө допинг хэрэглэсэн нь тогтоогдсны улмаас хоёр жилийн хугацаатай барилдах эрхээ хасуулсан бөхчүүдийн нэг нь улсын гарьд Ө.Бат-Орших юм.

Монголын Допингийн Эсрэг Үндэсний Төвөөс үндэсний бөхийн 31 бөхөөс шинжилгээ авахад улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нарын хариу эерэг гарсан байдаг. Тухайн үед улсын заан Б.Пүрэвсайханаас бусад дөрвөн бөх А сорьцын шинжилгээг хүлээн зөвшөөрсөн тухай зарлаж байлаа.

Тэгвэл барилдах эрх нь сэргэх хугацаа болоогүй ч гэсэн Ө.Бат-Орших Увс нуур галын ойн барилдаанд гарч барилдлаа.

Эхэндээ Ө.Бат-Орших гарьдыг барилдах бөхчүүдийн дунд гарч зогсоход нэрийг нь зарлаагүй ч дархан аварга Х.Баянмөнхийн хэлсэн энэ үгийн дараагаар зарлаж, Бөхийн өргөөний дэвжээнээ гаргалаа.

Дархан аварга Х.Баянмөнхийн Монгол Бөхийн Өргөөний индэр дээрээс хэлсэн үгээр бол допинг хэрэглэсэн бөхчүүдийн барилдах эрхийг шүүхээс сэргээсэн, мөн Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газраас тэдгээр бөхчүүдийг барилдуулахыг шаардсан гэнэ.

 

News1.mn Р.Гэгээ

SHARE