Премьер лигийн төгсгөлд Гвардиола, Клопп, Стерлинг, Хендерсон юу өгүүлэв?!

Английн Премьер лигийн 2018/19 оны улирал “Манчестер Сити”-гийн магнайллаар өндөрлөлөө. Тэд 98 оноотойгоор лигтээ тэргүүлж, харин “Ливерпүүл” нэг оноогоор дутаж, аман хүзүүнд бичигдлээ.

“Брайтон”-ыг хожиж, аваргын алдраа хамгаалан үлдсний дараагаар каталан мэргэжилтэн Пеп Гвардиола ийн өгүүлжээ.

“Бид “Ливерпүүл”-д талархах ёстой. Тэд биднийг хэрэгтэй цагт түлхэж, ташуурдаж өгсөн. Тэднээс шалтгаалан өөрсдөдөө улам өндөр шаардлага тавин зүтгэлээ.

Аваргын цомоо 98 оноотойгоор хамгаална гэдэг гайхамшигтай. Бид урьд урьдынхаасаа илүү өндөр шалгуур тогтоож, түүндээ хүрэхийн төлөө зүтгэлээ.

14 тоглолт дараалан хожих ёстой байхад бид түүнийг гүйцэлдүүлж чадлаа. Нэг ч оноо алдах эрх байгаагүй. Миний дасгалжуулагчийн замнал дахь аваргын төлөөх хамгийн ширүүн өрсөлдөөн энэ” хэмээн Гвардиола өгүүлжээ.

Тэгвэл “Ливерпүүл”-ийн ахлах дасгалжуулагч Юрген Клопп юу өчснийг сонирхоё.

“Ливерпүүл”-ийн түүхэн дэх шилдэг багуудын энэ гэдэгт би эргэлзэхгүй. Гэхдээ лигт бас маш хүчирхэг баг байна. “Манчестер Сити” санхүүгийн ийм өндөр чадамжтай байгаа цагт нэг ч баг тэдний дэргэдүүр гүйцэн түрүүлэхэд маш хэцүү байх болно. Тэгэхээр аварга болохын тулд бид төгс байх ёстой.

“Сити” биднээс холдож тасарч чадсангүй. Бид ч тэднийг урдаа оруулахгүй байж бас чадсангүй. Хоёрдугаар байр гэдэг бидний хүссэн амжилт биш. Гэвч өнгөрсөн улиралд 25 оноогоор хоцорсон. Тэгэхээр алхам ахисан хэрэг.

Манай өрсөлдөгч сүүлийн хоёр улиралд лигтээ 198 оноо авлаа. Энэ бол гайхамшигтай үзүүлэлт. Бид ч гэсэн урагш том том алхам хийлээ. Залуус маань шинэ түвшинд гарч ирлээ. Өсөлт, хөгжил мэдрэгдэж байна. Гэхдээ дахиад ч илүү сайжрах ёстой. Энэ бол бидний аваргын төлөөх анхны оролдлого” хэмээн Клопп өгүүлжээ.

Тэгвэл цагтаа “Ливерпүүл”-ээс “Манчестер Сити”-д ирсэн Рахим Стерлинг ийм үгс хэлсэн байна.

“Би цом өргөж, ялалтын баяр мэдрэхийн тулд л энд ирсэн. Тиймээс их баяртай байна. Манай дасгалжуулагчийн сэтгэлзүй маш сайн. Дандаа зөвхөн ялалтын төлөө ажилладаг. Биднийг үргэлж ялалтад дууддаг. Энд ирж, суралцаж, аварга болж буйдаа баяртай байна.

Энэ багийн нэг ч хөлбөмбөгчид гараанд гарцаагүй гэрэх баталгаа гэж үгүй. Бүгд талбайд гарахын төлөө хөдөлмөрлөж, өрсөлддөг. Бүгд боломжоо бүрэн ашиглахыг хүсдэг. Өнөөдөр л гэхэд Рияд Махрез гарлаа. Сүүлийн үед талбайд нэг их олон гараагүй л дээ. Гэхдээ би түүнийг гарахад л гоол оруулна гэдгийг мэдэрч байсан.

Хүндхэн ДАШТ-ий дараахь сайхан улирал байлаа. Ирэх улиралд бид бүр илүү сайн тоглоно гэж найдья” хэмээн Рахим Стерлинг өгүүлжээ.

Харин “Ливерпүүл”-ийн ахлагч Жордан Хендерсон бодлоосоо хуваалцахдаа “Бид байгаа бүхнээ л шавхлаа. Харамсалтай нь аварга болсонгүй. Улирлын турш маш сайн тоглож, талбай дээр эцсээ хүртэл тэмцлээ. Энэ бол бидний чадах зүйл минь байв.

Бид нэг л удаа хожигдсон. Зарим нэг тэнцээний тухай хүмүүс дурьдах л байх. “Манчестер Сити” гайхалтай баг юм. Тэдний өмнө бүрхээ аван мэхийн хүндэлье. Дараачийн улиралд бид аварга болохын төлөө чадах бүхнээ хийнэ” хэмээжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE