Клопп Үндэстнүүдийн лиг болон Европа лигийн финалын газрыг шүүмжлэв

Английн “Ливерпүүл”-ийн ахлах дасгалжуулагч Юрген Клопп хэдэн сарын өмнө Үндэстнүүдийн лигийн тэмцээнийг ил цагаан шүүмжилсэн удаатай. Одоо тэгвэл түүнийгээ бататгасны зэрэгцээ мөн Европа лигийн финалын тоглолтыг Их Британиас 2500 гаруй километрийн зайд орших Азербайжаны нийслэл Бакуд явуулахаар төлөвлөснийг гайхшран эгдүүцэн хүлээн авч буйгаа хэлжээ.

“Зургаадугаар сарын 1-нд Аваргуудын лигийн финалд бид тоглоно. Гэтэл үүнээс ердөө таван хоногийн дараагаар Үндэстнүүдийн лиг гэх гайхалтай тэмцээн эхлэх нь! Би өмнө нь ч хэлж байсан. Энэ сайн мэргэн санаа биш гэж. Намайг тухайн үед тэгж хэлэхэд хүмүүс гайхаад өнгөрсөн байх. Харин одоо юу болж байгааг хар даа?

Аваргуудын лигийн финалд Английн хоёр баг шалгарлаа. Гэтэл тав хоногийн дараа Английн шигшээ Голландтай Үндэстнүүдийн лигт тоглох товтой. Голландын хоёр баг Аваргуудын лигийн финалд үлдлээ гэхэд ч ялгаагүй.

Бид тоглогчдоо гамнаж, хайрлахгүй бол энэ олон тэмцээн тэднийг эргээд талбайд гарахааргүй болгох нь. Хөлбөмбөгчгүй бол хөлбөмбөг гэж ямар спорт байх билээ?

Одоо өөр хүмүүсийн сэтгэл шаналж яваа. Гарет Саутгейт байна. Түүний буруу биш шүү дээ. Цаанаасаа ингээд товлочихсон юмыг яахав. Аваргуудын лигийн финал тэгснээ залгаад Үндэстнүүдийн лиг. Энэ бол муу хуваарь, муу төлөвлөлт.

Европа лигийн финалыг Бакуд товлохдоо тэр хүмүүс өглөө нь юу идэж уусан юм бол? Энэ чинь дэлхийн нөгөө өнцөг шүү дээ. Тийшээ байнгын нислэг байдаг эсэхийг ч би мэдэхгүй байна. Ийм шийдвэрийг гаргахдаа илүү ухаалгаар шийдэх учиртай. Миний бодлоор бол энэ хариуцлагагүй шийдвэр” хэмээн Клопп өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE