Их Британийн хамгийн үзэсгэлэнтэй сантехникч хааяа хумсаа скочдог ажлаа хийдэг

Их Британийн хэвлэлийнхэн улсынхаа хамгийн үзэсгэлэнтэй сантехникч гэх тодотголыг 30 настай Карли Гэйлд олгож, түүний талаар бичжээ.

Чеширийн гүнгийн нутгийн Кру хотноо ажиллаж амьдардаг Карли Гэйлийн аав нь сантехникч юм байна. Тэрбээр 15 настайгаасаа эхлэн аавыгаа даган энэ ажилд мэргэшжээ.

“Би 15 настайгаасаа эхлэн амралтын өдрүүдээр аавыгаа даган ажилд нь тусалдаг байлаа. Тэгээд аавдаа хэлсэн юм. Энэ мэргэжлээр ажилламаар байна гэж. Гэвч аав эхэндээ зөвшөөрөөгүй. Эмэгтэй хүнд тохирохгүй, хүнд, бохир ажил гээд. Гэлээ ч аажмаар аавыгаа зөвшөөрүүлж, мөн эмэгтэй сантехникчийн тухай төсөөлөл ч үгүй хүмүүст өөрийгөө сайн ажилчин болохоо харуулсан” гэж Карли Гэйл хүүрнэж байна.

Түүний элссэн коллежид 200 эрэгтэй, хоёрхон эмэгтэй оюутан суралцжээ. Эхэндээ айлд дуудлагаар очиход “Хөөе, эрэгтэй хүн байхгүй юм уу?” гэж асуух нь их байж. Нэг айлын эзэгтэй бүр “Чи сантехникч биш загвар өмсөгч шиг харагдаж байна. Чи энэ ажлыг хийж чадах юм уу?” гэж эрэлзэнгүй асуусан гэнэ.

“Мэдээж, хүмүүс үргэлж намайг хараад гайхаж, чадах эсэхэд минь эргэлздэг. Гэвч одоо бол олон хүнд юу чаддагаа харуулсан. Намайг таньдаг болсон. Би энэ ажлыг хийгээд жилдээ 36 мянган паундын цалин авдаг. 30 хүртэлх насандаа жирийн ажлаа хийгээд цуглуулсан мөнгө маань үеийн бүсгүйчүүдээс их гэхээс бага биш” гэж тэр ярьж байна.

Карли Гэйл гурван настай Маркус гэх хүүтэй. Харин нөхөртөө гэрийнхээ сантехникийг хэрхэн засч янзлахыг зааж өгсөн гэнэ. Одоо нөхөр нь ойр зуурын ажлыг хөнгөхөн хийчихтэйгээ болжээ.

“Найз нар над руу их утасддаг. Тэрийг яаж хийх үү, энийг яадаг билээ гэж. Би тэдэнд зааж өгдөг. Нэг удаа B&Q-д засвраар очоод багажаа сонгох гээд сууж байтал нэг залуу ирээд “Ээ, ийм сайхан бүсгүй ийм заваан зүйлтэй зууралдаад хэрэггүй гэж билээ” хэмээн Карли Гэйл ярьжээ.

Карли Гэйл заримдаа хумсаа ургуулж, үдэшлэгт очихыг хүсдэг. Тийм үдэшлэг дөхөөд ирвэл ажлаа хийхдээ хумсаа скочдчихдог гэнэ.

“Бие галбирын хувьд бол энэ ажил харин ч дэмтэй. Ажлаа хийж байхдаа би таргална гэж айх шаардлагагүй болдог” хэмээн Карли Гэйл ярьсан байна.

News1.mn Р.Гэгээ

SHARE