L`Equipe: Ижил хүйстнүүдийг доромжилно гэдэг эрүүгийн гэмт хэрэг

Францын L`Equipe сэтгүүл маргааш борлуулалтад гарах тусгай дугаартаа спорт дахь ижил хүйстнүүдийн нөхцөл байдал, шахалт хавчлага, ижил хүйстнүүдийг үзэн ядах нийтийн үзэл бодлын талаар өгүүлэх ажээ.

Сэтгүүлийн нүүрэнд Седрик Ле Галлогийн бүтээл The Crevettes Pailletées уран сайхны киноны хоёр тамирчин үнсэлцэж буй гэрэл зургийг гаргахаар зэхсэн байна.

“Спорт бол олон хүнд үлгэр дууриалал болж, үүд хаалга нээж өгөхийн зэрэгцээ шүүмжлэн доромжлогчдын амыг хамхих ёстой. Одоогоор Европын хөлбөмбөгийн дээд лигүүдийн нэг ч тоглогч өөрийгөө ижил хүйстэн гэдгээ хэлж зүрхлэхгүй  явна.

Бид нээлттэй, шударга байх үүднээс Седрик Ле Галлогийн The Crevettes Pailletées бүтээлээс гэрэл зураг орууллаа. Бид энэ үнсэлтээр бахархаж байна. Энэ сайхан гэрэл зургийн ачаар бид ижил хүйстнүүдийн хайр сэтгэл хүмүүсийг цочирдуулах ёсгүйг нотлон харуулахын зэрэгцээ ижил хүйстнүүдийг доромжлох нь спорт дахь эрүүгийн гэмт хэрэг гэдгийг ойлгуулна” хэмээн L`Equipe-ийн редакциас мэдэгджээ.

Хөлбөмбөгийн хүрээнд өөрийгөө ижил хүйстэн гэдгээ зарласан тохиолдол гарын таван хуруунд ч хүрэхээргүй. Англид 20-оод жилийн өмнө хөлбөмбөг тоглохоо больсон нэг залуу ижил хүйстэн гэдгээ зарлаад удалгүй амиа хорлосон явдал гарсан байдаг.

Үүнээс хойш Германы хагас хамгаалагч Томаш Хитцльшпергер өөрийгөө ижил хүйстэн гэдгээ мөн л хөлбөмбөгийн замналаа өндөрлүүлсний дараагаар зарласан юм. Хитцльшпергер Германы шигшээгээс гадна Английн “Астон Вилла”, “Вест Хэм”, “Эвертон” мөн Италийн “Лацио”, Германы “Вольфсбург”, “Штутгарт”-т тоглож явсан. Хоёр сар хагасын өмнө Томаш Хитльшпергер хуучин тоглож явсан “Штутгарт”-ынхаа спортын захирлын албыг хаших болсон билээ.

news1.mn Р.Гэгээ

SHARE