Гвардиола: Сонин уншиж, зурагт үзэх цаг бидэнд байхгүй

Манчестерийн дербид өрсөлдөгчөө талбайд нь 0:2-оор хожсноор “Манчестер Сити” Премьер лиг өндөрлөхөөс гурван тойргийн өмнө аман хүзүүнд яваа “Ливерпүүл”-ээс нэг оноогоор илүү хэвээр байна. Пеп Гвардиола энэ хожлын дараагаар баярлаж хөөрөлгүй дараагийн тоглолтод бэлдэх ёстойг сануулжээ.

“Лигийн сүүлчийн 5-6 тойргийн өмнө бид магнайд гарч ирсэн. Гэхдээ одоо оноо алдвал л “Ливерпүүл”-д аваргын цомоо алдах аюултай. Тэгэхээр үлдсэн гурван тоглолтдоо заавал хожих ёстой. Хэрвээ хожвол бид аварга болно.

Бид 11 тоглолт дараалан лигтээ ялалт байгууллаа. Одоогоор манай залуус гайхамшигтай сайн байна. Гэвч ажил гүйцээгүй, дахиад тоглолтууд бий.

“Юнайтед”-ыг бид хэдэн сарын өмнө хожсон бол ганц хоёр өдөр баярлаж, хөөрч болох байлаа. Харин одоо бол тийм цаг байхгүй. Маргаашаас эхлээд дараагийн тоглолтоо анхаарах ёстой. Тийм ээ, хүмүүс биднийг юу ч гэж магтаж, сайшааж болно. Гэвч бидний бодол одоо “Бернли”-д хандах ёстой. Өмнө нь тэнд багаа авч очиход маш хэцүү тоглолт болж байсныг би тод санаж байна.

Мэдээж, оноо алдвал цомоо алдана гэсэн дарамтыг бид мэдэрч байгаа. Тэгэхээр одоо тайван байх маш чухал. Бидэнд одоо сонин уншиж, зурагт үзэж, радио сонсох цаг байхгүй. Зүгээр сайхан унтаж амраад, ирэх ням гаригийн тоглолтдоо бэлдэх ёстой” гэж Гвардиола өгүүлжээ.

Манчестер Юнайтед – Манчестер Сити 0:2

Гоол: Бернардо Силва 54, Санэ 66

Манчестер Юнайтед: Де Хеа, Линделоф, Смоллинг, Дармиан (Санчес, 83), Шоу, Янг, Перейра (Лукаку, 72), Погба, Лингард (Марсьяль, 83), Фред, Рэшфорд.

Манчестер Сити: Эдерсон, Компани, Лапорт, Уолкер, Зинченко, Гундоган (Данило, 89), Фернандиньо (Санэ, 51), Бернардо Силва, Давид Сильва, Стерлинг, Агуэро (Габриэл Жезус, 89).

Шар хуудас: Компани (10), Перейра (24), Зинченко (26), Шоу (89).

News1.mn Р.Гэгээ

 

SHARE