Киприйн түүхэн дэх анхны цуврал алуурчинд өмгөөлөгч олдсонгүй

Аялал жуулчлалын орон гэгддэг Киприйн түүхэн дэх анхны цуврал алуурчин 35 настай цэргийн офицер Никос Метаксасийг шүүх хурал өнгөрсөн ням гаригт болсон байна.

38 настай Мэри-Роуз Тибурсио болон түүний зургаан настай охин Сьерра-Грейс мөн 28 настай филиппин эмэгтэй Ариан Паланас Лосано нарыг хөнөөсөн хэрэгт буруутган шүүсэн юм. 2018 онд сураггүй алга болсонд тооцогдсон Мэри-Роуз Тибурсиогийн цогцос хүчтэй аадар бороо орсны дараагаар Мицерогийн уурхайн гүнээс дээш хөвөн гарч ирснээр хэрэг илрэх шатандаа оржээ.

Шүүхийн танхимд Никос Метаксас өмгөөлөгчгүй ганцаараа суухад хүрсэн байна. Учир нь өмгөөлөгч Илиас Стефану үүргээ гүйцэтгэхээс татгалзсан аж. Никос Метаксас шүүхийн танхимд толгой гудайлган сууж, Мэри-Роуз болон түүний зургаан настай охиныг хөнөөснөө хүлээжээ.

Алуурчин эр хохирогчтой танилцах цахим хуудсаар танилцаж, гэртээ уриад боомилж хөнөөснийхөө дараагаар уурхайд аваачиж хаясан гэнэ. Харин зургаан настай охиныг хөнөөснийхөө дараагаар хөлд нь хүнд чулуу уяж Меми нууранд живүүлсэн гэж мэдэгджээ. Одоогоор охиныг цогцсыг олоогүй байгаа юм.

Харин филиппин эмэгтэй Ариан Паланас Лосаног хөнөөсөн нь бүрэн нотлогдохгүй байгаа тул ДНК-гийн шинжилгээ хийхээр болсон байна. Хэрвээ Ариан Паланас Лосаног хөнөөсөн нь тогтоогдвол Киприйн түүхэн дэх анхны цуврал алуурчин нь Никос Метаксас болох юм. Эрүүгийн хэллэгт гурав болон түүнээс дээш тооны хүний амийг бүрэлгэсэн этгээдийг цуврал алуурчин гэж нэрлэдэг.

Мэри-Роуз Тибурсио болон Ариан Паланас Лосано нарын хэрэгт ижил төстэй хэд хэдэн тал бий гэнэ. Тухайлбал, хохирогчдын хөл гарыг хүлсэн, танилцах зараар танилцсан болон хоёулангийнх нь цогцсыг уурхайд хаясан байжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE