16 настай жүжигчин охин Майя-Лесиа Нейлор учир битүүлгээр нас баржээ

Их Британийн 16 настай жүжигчин Майя-Лесиа Нейлор нас баржээ. Одоогоор түүний амиа алдсан шалтгааны талаар ямар нэгэн тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзаж байна. Зарим хэвлэлүүдийн мэдээлснээр бол “Гэнэт ухаан алдаж унаад дахин сэргээгүй. Ямар нэгэн сэтгэл гутрал, хямралд орсон шинж байгаагүй” гэнэ.

Жүжигчин охин дөрөвдүгээр сарын 7-ны ням гаригт нас барсан ч  A&J Management-ийн төлөөлөгч нь энэ талаар өчигдөр л хэвлэлийнхэнд мэдэгджээ.

“Майя-Лесиа бол онцгой авьяастай, жүжигчин, дуучин, бүжигчин байлаа. A&J түүгээр маш их дутах болно. Тэр олон хүний хайр талархлыг хүлээсэн ирээдүйтэй, авьяастай жүжигчин байлаа” гэж A&J Management-ийн төлөөлөгч мэдэгджээ.

Майя-Лесиа Нейлор 2002 оны арваннэгдүгээр сарын 6-нд Их Британид мэндэлжээ. Дөнгөж хоёр настайдаа л телевизийн кинонд анхны дүрээ бүтээсэн байна. Үүнээс хойш 2012 онд 10 настайдаа Cloud Atlas кинонд тоглосон юм. Дараа нь 2013 онд Code Red, 2014 онд Index Zero зэрэг кинонд мөн хүүхдийн Millie Inbetween сериалд тогложээ.

News1.mn Р.Гэгээ

 

 

 

SHARE