“Уотфорд” хоцорсон минут тутамд 1000 паундаар торгодог нь шүүх дээр ил болжээ

Английн “Уотфорд”-д хатуу дотоод журам үйлчилдэг нь шүүхийн танхимд ил болжээ.

Өчигдөр “Уотфорд”-ын хагас хамгаалагч Этьен Капугийн хурд хэтрүүлсэн хэргийг шийдэх шүүх хурал болсон байна. Хөлбөмбөгчийг 70 км/цаг-аас дээш хурдтай явах ёсгүй газар 116 км/цаг-ийн хурдтай давхисныг цагдаа нар нотолсон тул 1666 паундаар торгож, жолоо барих эрхийг нь гурван сараар хасчээ.

Гэхдээ шүүх дээр 30 настай франц тоглогчийн өмгөөлөгчийн хэлсэн үг олны анхаарлыг гойд татжээ. Өмгөөлөгч хэлэхдээ “Манай үйлчлүүлэгч ажлаасаа хоцрох гээд байсан тул хурд хэтрүүлсэн” гэж мэдүүлсэн байна. Мэдээж, шүүгч нар үүнийг зөвтгөл гэж хүлээж авсангүй. Гэхдээ өмгөөлөгч цааш нь өгүүлэхдээ “Уотфорд”-ын ахлах дасгалжуулагч Хави Грасиа бэлтгэлээс хоцорсон минут тутамд 1000 паундын торгууль тавих дотоод журам гаргасныг дурьджээ.

Гурван хүүхдийн эцэг Этьен Капу шүүх хурал дээр өөрөө очилгүй, өмгөөлөгчөө илгээхдээ уучлал гуйж, гэмээ ухаарсан утгатай үгстэй захидал шүүгчид илгээсэн гэнэ. Захидал дээр “Маш чухал бэлтгэлтэй байсан тул…” гэж бичсэн байж. Гэвч түрүүн өгүүлсэнчлэн шүүгч үүнийг хүндэтгэх зөвтгөх шалтгаан гэж үзээгүй ажээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE