Д.Сарангэрэл: Капитал банкнаас эрүүл мэндийн даатгалын сангийн 134.8 тэрбум төгрөгөө нэхэмжилж авна

Дампуурлаа зарласан “Капитал” банкин дахь төсвийн 340 тэрбум төгрөгийг хэрхэх талаарх асуудал олон нийтийн анхаарлын төвд байна.

Тэгвэл үүний 134.8 тэрбум төгрөг нь Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө юм. Анх 2012 оны арванхоёрдугаар сарын 31-нд тус сангийн 12.9 тэрбум төгрөгийг Капитал банкинд байршуулж эхэлснээр 2016 он хүртэл нийтдээ 134.8 тэрбум төгрөг болжээ.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаж, Капитал банкны эрх хүлээн авагчаас энэ мөнгийг нэхэмжлэх гэж байгаа тухайгаа ЭМЯ-ын сайд Д.Сарангэрэл мэдэгдэж байсан юм. Энэ тухай тэрээр өнөөдөр дахин мэдээлэл хийв. Тэрээр “Капитал банкнаас эрүүл мэндийн даатгалын сангийн 134.8 тэрбум төгрөгөө нэхэмжилж авна. Энэ хөрөнгө бол Монголын ард түмэн эрүүл мэнддээ эрсдэл учирсан үед санхүүгийн дэмжлэг авах гэж төлсөн мөнгө. Энэ бол төсвийн мөнгө биш монгол хүн бүрийн халааснаас гарсан мөнгө. Тиймээс энэ мөнгө эрүүл мэндийн даатгалын санд байрших ёстой” гэв.

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

SHARE