“Аякс”-ын хөвгүүд Роналдог есөн жилийн дараа шөвгийн дөрөвгүй үлдээв

Аваргуудын лигийн шөвгийн наймын хариу тоглолтод Италийн “Ювентус” талбайдаа Голландын “Аякс”-ыг хүлээн авсан. 1995 оноос хойш Аваргуудын лигийн тавцанд томоохон амжилт үзүүлэлгүй, үргэлж залуу оддоо зарсаар ирсэн Амстердамын баг энэ Аваргуудын лигт онцгой одтой, хүчтэй байгаа билээ.

Тэд эхлээд хэсгийн тоглолтод Германы “Байерн Мюнхен”-ийг хожиж хүчээ мэдэрсэн. Дараа нь шөвгийн 16-нд Аваргуудын лигт сүүлийн гурван жил босоо дархалсан Испанийн “Реал Мадрид”-ыг бөмбөгдөж хожсон.

Харин одоо Аваргуудын лигт байнга дээгүүр өрсөлдөж буй “Ювентус”-ыг талбайд нь 1:2-оор хожиж, шөвгийн дөрөвт шалгарлаа.

Аваргуудын лигт түрүүлэхийн тулд Криштиано Роналдог өнгөрсөн зун худалдан авсан ч португал довтлогч хийдгээ хийж хоёр тоглолтод тус бүр нэг гоол оруулсан ч хожилд хангалттай хүрэлцсэнгүй.

Ийнхүү Криштиано Роналдо 2010 оноос хойш Аваргуудын лигийн шөвгийн дөрөвгүй хоцорсон эхний тохиолдол энэ боллоо.

Тоглолтын дараагаар Голландын залуусын ахлах дасгалжуулагч Эрик Тен Хаг ийн ярьжээ.

“Мадрид дахь тоглолттой ямар ч төсгүй тоглолт боллоо. Эхэндээ тулаан, биеийн хүчний тэмцэл өрнөлөө. Тэд аадар буулгаж, бид тэвчих ёстой болсон. Ямар нэг юм болж өгөхгүй санагдах үе гарсан.

Гэвч хоёрдугаар үед тэдний тоглолт болж өгсөнгүй. Ингэснээр сул орон зай бидэнд олдож, өөрсдийн чаддаг хөлбөмбөгөө тоглох боломж нээгдэж, хэд хэдэн гоолын боломж гаргалаа.

Магадгүй бид тоглолтын хувь заяаг эрт шийдэх ёстой байсан байх. Гэвч хожлын гоолыг оруулахын тулд стандарт цохилт хүлээхэд хүрлээ” хэмээн Тен Хаг өгүүлжээ.

Тэгвэл “Ювентус”-ын ахлах дасгалжуулагч Массимилиано Аллегри “Эхний үед бид бөмбөгөө байн байн алдсан ч гэсэн арай дөнгүүр тоглосон. Хөлбөмбөг энэрэлгүй шүү дээ. Тохиолдлын гоол алдахад айдас бий болдог. Хоёрдугаар үед бид ингэж тоглох ёсгүй. “Аякс” өнөөдөр зүй ёсоороо хожлоо.

Хоёрдугаар үед багийнхнаа ингэж тоглоно чинээ санасангүй. Гэхдээ одоо “Аякс”-ынхны өмнө тэргүүнээ мэхийж хүндлэх л үлджээ. Бидний алдаа бол тэдэнд орон зай өглөө. Тэвчээр дутлаа. Бидэнд уг нь сэлгээнээс хүчээ нэмэх боломж бүрэн байсан” хэмээн Аллегри өчжээ.

“Ювентус”-ын ерөнхийлөгч Андреа Аньелли ч мөн өрсөлдөгчөө хүндэлж буйгаа мэдэгджээ.

“Аякс” бол цикл циклээр явдаг баг. Тэдний энэ цикл хэдэн жилийн өмнө эхэлсэн. Тэд өнөөдөр хожихоор хэмжээнд тоглож, шөвгийн дөрөвт шалгарлаа. Ганцхан тоглолтоор биш шүү, хоёр тоглолтын нийлбэрээр тэд илүү гарч байна.

Бид Италийн аваргаар найм жил дараалан тодрохдоо ойрхон явна. Хэдэн жилийн өмнө манай баг дэлхийн чансааны 43-т байсан бол одоо тавдугаар байрт бичигдэх болсон. Гайхалтай байгаа биз.

Энэ “Аякс” надад хэдэн жилийн өмнө Аваргуудын лигийн шөвгийн дөрөвт мөн шалгарсан “Монако”-г санагдуулав. Энэ багийн залуус үлдэх эсэхийг ойрын хэдэн жил харуулна. Тэд Аваргуудын лигт түрүүлэх хэмжээнд яригдалгүй явсаар өдийг хүрсэн бол одоо тэдний тухай хүн бүр хүссэн хүсээгүй ярьж, эмээх болно” хэмээн Аньелли өгүүлжээ.

Ювентус Итали – Аякс Голланд 1:2

Аваргуудын лигийн шөвгийн наймын хариу тоглолт

Гоол: Роналдо 28, ван де Бек 34, де Лигт 67

Ювентус: Шченсны, Ругани, Алекс Сандро, Де Шильо (Жоао Кансело, 64), Бонуччи, Жан, Пьянич, Матуиди, Бернардески (Бентанкур, 80), Роналдо, Дибала (Кин, 46).

Аякс: Онана, Блинд, де Лигт, Велтман, Мазрауи (Синкгравен, 11; Магальян, 82), ван де Бек, Зиеш, Тадич, Шене, Нереш, де Йонг.

Шар хуудас: Жан (69).

News1.mn Р.Гэгээ

 

SHARE