Месси, Вальверде, Сульшер тоглолтын дараа юу өгүүлэв?

Аваргуудын лигийн шөвгийн наймын хариу тоглолтод Испанийн “Барселона” талбайдаа Английн “Манчестер Юнайтед”-ыг 3:0-ээр хожсноор хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 4:0-ээр дараагийн шатанд шалгарлаа.

Тоглолтын дараагаар хоёр багийнхнаас хэн юу ярьсныг хүргэе.

“Эхний гоолын хувьд цохилтын хүч гоё таарсан нь азтай хэрэг боллоо. Хоёр дахь гоол бол бүр азных гэж хэлж болох байх. Гэхдээ гол нь бид шөвгийн дөрөвт шалгарлаа. Гурван жилийн дараагаар бид шөвгийн дөрөвт гарч ирлээ. Нэг алхам урагшилсан гэж хэлж болно.

Эхний минутуудын тухайд уу? Тийм ээ, үнэхээр үүн дээр бид анхаарах ёстой. Аваргуудын лигт тэгж тоглож болохгүй. Бид энэ талаар хоорондоо ярилцсан. Ер нь туршлагатай залуус шүү дээ, манайхан.

Ийм тэмцээнд 5-10 минут тааруухан тоглоход бүх юм дуусч мэднэ. Шөвгийн дөрөвт биднийг хэцүү өрсөлдөгч угтах нь гарцаагүй. “Ливерпүүл”-“Порто”-гийн аль аль нь хүчтэй.

Гурван цом өргөх тухайд уу? Бид ахиж л байна. Гэхдээ дахиад ахих хэрэгтэй. Одоо Ла лигийн тоглолтдоо анхаарч, назгайралгүй цомоо авчих хэрэгтэй. Тэгвэл бид Аваргуудын лигийн шөвгийн дөрөвт илүү чөлөөтэй тоглох боломжтой” хэмээн Лионель Месси өгүүлжээ.

Харин “Манчестер Юнайтед”-ын ахлах дасгалжуулагч Оле Гуннар Сульшер  “Лео Месси маш өндөр түвшинд тоглож буйг, тэр өнөөдөр ч тэр хэмжээндээ байсныг юун түрүүнд хэлэх нь зөв. 2:0 болсны дараагаар тоглолт дууссан гэж хэлж болно.

Месси Криштиано хоёр өөр ангилалд тоглоод 10 гаруй жил боллоо. Тэд бол дэлхийн шилдгүүд гэдгийг дэлхий мэднэ. Месси өнөөдөр өөрийгөө харууллаа.

Харин бидний хувьд бол “Барселона”-гийн түвшинд хүрэх шаардлага байна. Өнөөдөртөө тэд бидний хүчрэх өрсөлдөгч биш. Гашуун үнэн энэ. Тэгэхээр “Манчестер Юнайтед”-ын түүх, уламжлалыг өргөж явахын тулд бид өрсөлдөхөөр түвшинд хүрэх учиртай.

Одоогоор тэд биднээс хэд хэдэн түвшин илүү байна. Дараагийн улиралд бид ийм түвшинд өрсөлдөхийг хичээхийн тулд өмнөх тоглолтдоо хожих ёстой” хэмээн Сульшер өгүүлжээ.

Тэгвэл “Барселона”-гийн ахлах дасгалжуулагч Эрнесто Вальверде “Тоглолтыг ингэж эхлүүлж хэрхэвч болохгүй. Гэхдээ энэ удаад бид алдаагаа хурдан заслаа. Хүнд нөхцөл байдлаас Мессигийн гоолоор гарлаа. Месси хэрэгтэй үед шаардлагатай зүйлийг хийнэ гэдгийг бид мэдэж байдаг.  Зөвхөн гоол оруулах бус багийг сэтгэлзүйн хувьд өргөхөд тэр их дэмтэй тоглогч.

Биднээс үргэлж илүү ихийг шаарддаг. Тиймээс бид үргэлж гялалзтал сайхан тоглож, гоёмсог гоол оруулахыг хичээдэг. Биднийг шүүмжилдэг ч гэсэн хүн гэдгийг минь битгий мартаарай. Бид бусдын адил алдаа гаргадаг хүмүүс. Жирийн хүмүүс.

“Ливерпүүл” “Порто” юу? Энэ бол Аваргуудын лиг. Энд юу ч амлаж болохгүй газар. “Ливерпүүл” сайн яваа баг. Юу болохыг харж байя” хэмээн Вальверде өгүүлжээ.

Барселона Испани – Манчестер Юнайтед Англи 3:0

Аваргуудын лигийн шөвгийн наймын хариу тоглолт

Гоол: Месси 16, 20, Коутиньо 61

Барселона: тер Штеген, Пике, Альба, Сержи Роберто (Нелсон Семеду, 71), Лангле, Ракитич, Бускетс, Артур (Видаль, 75), Коутиньо (Дембеле, 81), Месси, Суарес.

Манчестер Юнайтед: Де Хеа, Смоллинг, Янг, Жонс, Линделоф, Лингард (Санчес, 80), Фред, Погба, Мактоминай, Марсьяль (Диогу Далот, 65), Рэшфорд (Лукаку, 73).

Шар хуудас: Суарес (77).

Р.Гэгээ

SHARE