Н.Мөнхбат яасныг харсан биз, Б.Батбаяр аа!

Хөгжлийн банк гэдэг нэрнээсээ эхлээд л таатай сонсогдож, улс орныг хөгжүүлэх мега төслүүдийг санхүүжүүлэх тулгуур банк болох тухай чихэнд чимэгтэй үгсийг хэвлэлээр нэг цацаж байсан нь одоогоос 8 жилийн өмнөх үйл явдал байв. 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдөр. Хөгжлийн банкийг нээж үүдэнд нь тууз хайчилсан тэмдэглэлт өдөр.

Үүнээс хойш 8 жилийн дараа мега төслүүд босч улс орны хөгжилд ташуур болсон уу гэхээс илүү Хөгжлийн банктай холбогдсон хүн бүр, энэ банкнаас санхүүжүүлсэн төсөл бүр маапаан дагуулж хууль шүүхийн байгууллагын хаалгыг татсан нь олны анхааралд байна.

Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат гэж залуу бий. Австрийн Венийн Эдийн засгийн их сургуулийг төгссөн чадварлаг боловсон хүчин. Гэвч тэрээр Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төслүүд эхнээсээ асуудал дагуулаад ирэхтэй зэрэгцэн өөрөө ч тэдний нэг болон одсон юм.

Н.Мөнхбат Хөгжлийн банкийг удирдаж байхдаа,

-Дампуурлаа зарласан Ц.Мянганбаярын “Монгол газар” компанийн оффисийн барилгыг барьцаалан 5.6 тэрбум төгрөгийн зээл олгосон.

-2015 онд Худалдаа хөгжлийн банктай үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулж 27.5 тэрбум төгрөгөөр оффис авахаар болсон. Өөрөөр хэлбэл, Худалдаа хөгжлийн банкинд давуу эрх олгож Хөгжлийн банкинд 4.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан.

-Хөгжлийн банкин дахь чөлөөт мөнгөн хөрөнгийг арилжааны банкинд хугацаатай байршуулах шийдвэр гарган 2013-2016 оны хооронд түүнийгээ буцаан татах шаардлагагүй байхад банкуудаас мөнгөн хадгаламжаа хугацаанаас өмнө буцаан татсанаар 4.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн түүнийг яллагдагчаар татсан байдаг.

Н.Мөнхбат эдгээр үндэслэлүүдээр 2016 оноос эхлэн хэдэнтээ цагдан хоригдов.

Хуулийнхан түүний хэргийг 2 жилийн хугацаанд шалгаж дуусаад байгаа. Нэг ёсондоо Н.Мөнхбатад холбогдох шүүх хурал удахгүй болно гэсэн үг.

Н.Мөнхбат Хөгжлийн банкийг удирдахаасаа өмнө Эдийн засгийн хөгжлийн сайд “фортуна” Н.Батбаярын зөвлөх хийдэг байв. Түүнийг Хөгжлийн банкинд “авчирсан” хүн бол Н.Батбаяр.

Хөгжлийн банк Эдийн засаг хөгжлийн яамны шууд удирдлаган дор ажиллах үүрэгтэй байлаа. Нэг ёсондоо Н.Батбаяр сайдын шууд удирдлага дор Н.Мөнхбат Хөгжлийн банкийг удирдаж байсан гэсэн үг.

Хуулийнхан Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт тухайн үед хэрэг үүсгэлээ гэж байсан. Тэгсхийгээдп л намжсан. Харин өнөөдөр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат шүүхийн хаалга татахад нэг алхмын зайд байна. Үүнээс харахад Н.Мөнхбат “Фортуна” Н.Батбаяр нарын золиос болсон гэж учир мэдэх хүмүүс ярьж байна.

Хөгжлийн банкинд Н.Мөнхбатыг халааг залгасан хүн бол Б.Батбаяр. Сангийн яамны Төсвийн яамны Төсвийн бодлогын газарт нягтлан бодогч, эдийн засагч, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтэс, газрын дарга, Банкны өр барагдуулах алба, Төрийн банк, Хөгжлийн банк болон төрийн өмчит үйлдвэрийн газруудад төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлж ТУЗ-ийн гишүүн, даргаар ажиллаж байсан туршлагатай залуу.

Тэгвэл өнөөдөр Б.Батбаярын үеийн Хөгжлийн банкны хувь заяа бүрхэг хэвээр байна. Нэг ёсондоо Б.Батбаярын үед олгосон зээлүүд асуудал дагуулж эхэллээ.

Томоохон бондуудаас санхүүжүүлсэн төслүүд нь үр дүн тааруу, эргэн төлөлт байхгүй зэрэг асуудал дэгдэж Засгийн газраас Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсэг байгуулагдаад байгаа юм.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт Ажлын хэсгийн үйл ажиллагаатай танилцан “…Хөгжлийн банкийг шалгасан тайланг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулах, шаардлагатай материалуудыг АТГ-т шилжүүлэх, зээлээ төлөөгүй аж ахуйн нэгж тус бүр дээр дүгнэлт гаргаж асуудлыг шийдвэрлэе” гэжээ.

Засгийн газраас томилогдсон энэ удаагийн Ажлын хэсэг Хөгжлийн банкийг хуулиар тогтоосон үндсэн чиглэлийнхээ дагуу үйл ажиллагаа явуулж байсан эсэх, Чингис, Самурай бондын эргэн төлөлт, төсөл хөтөлбөрийн сонгон шалгаруулалт хир оновчтой байсан эсэх, тус банкны санхүүгийн өнөөгийн байдал, цаашид учирч болох эрсдэл, санхүү төсөв, нягтлан бодох бүртгэлийн холбогдох хууль тогтоомжийг үнэн зөв мөрдөж байсан эсэх, харилцах касснаас зарцуулсан мөнгөний баримтын хяналт, хөрөнгө оруулалтын үр өгөөж, зээлийн график, эргэн төлөлт зэрэг олон нийтийн дунд хардлага төрүүлээд байгаа олон асуудлыг хамруулан шалгасан байгаа юм.

Б.Батбаярын үед олгогдож том зээлүүдээс дурдвал:

  • 2017 он. Эгийн голын усан цахилгаан станц ТӨХХК-д үйл ажиллагаа, судалгаа, зөвлөх үйлчилгээний зориулалтаар зээлдүүлсэн 10.6 сая ам долларын зээл. Үр дүн: Хөгжлийн банкнаас олгосон санхүүжилтийг төслийн бэлтгэл ажил болох төслийн  нэгжийн үйл ажиллагааны зардал, хуулийн болон төслийн ерөнхий зөвлөх, байгаль орчны үнэлгээ, инженер геологи, археологи, палентологи, ЦДАШ болон авто замын дэд бүтэц, ус болон загасны судалгаа зэрэг чиглэлээр 4.2 тэрбум төгрөг, 6.4 сая евро болон 1 сая ам.долларын үнэлгээтэй нийт 32 ажил гүйцэтгэх гэрээг гадаад, дотоодын гүйцэтгэгч байгуулж зарцуулсан. Үүнээс 4.3 сая ам.долларыг гэрээнд зарцуулна, 3.2 сая ам.доллар болон 1.6 тэрбум төгрөгийг үйл ажиллагааны зардалд зарцуулсан. Судалгааны ажлууд үргэлжилж байна. Сэлэнгэ мөрөн Байгаль нуурт нөлөөлөх нөлөөллийн судалгааны ажил 2019 онд дуусч, төслийн бүтээн байгууллатын ажил эхэлнэ. Гэвч Засгийн газраас 2017 онд зээлийн эргэн төлөлтийг улсын төсвөөс биш төслийн орлогоос төлөхөөр гэрээг шинэчлэн байгуулах тухай тогтоол гаргасан. Төслийн нэгж нь өөрчлөгдөж ТӨХХК болсон. Тиймээс нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэхэд зээлийн эргэн төлөлт, төслийн талбаарх ОХУ-ын байр суурь нөлөө үзүүлэхээр байгаа тул шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн.
  • 2017, 2018 он. Тулгат төхөөрөмж худалдан авах, зээлийн хүүний төлбөр гэх зориулалттай 628 мянган еврогийн Монватт ХХК-д олгосон зээл. Үр дүн: Тоног төхөөрөмжийн эд ангийн худалдан авалт 100 хувь, борлуулалт 20 хувь буюу дундаж гүйцэтгэл 60 хувь. 2018 онд 558.4 сая төгрөгтэй тэнцэх 252 ширхэг тулгат төхөөрөмж борлуулсан. Төсөл хэрэгжүүлэгчээс зээлийн хугацааг таван жилээр хойшлуулах хүсэлт ирүүлснийг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулан нэг жилээр сунгах саналыг Зээлийн удирдлагын хороонд танилцуулсан.
  • 2018 он. 408.4 сая төгрөгийн санхүүжилттэй “Скайлэнд энержи” ХХК-д олгосон зээл. Тоног төхөөржм тендерийн 200 ширхэг халаагуурын түүхий эд материал плитик бүхий 800 ширхэг халаагуурт шардлагатай түүхий эд материалын 20 ширхэг бойлуурын түүхий эд материал эргэлтийн хөрөнгө гэх зориулалттай. Үр дүн: Үйлдвэрийн түрээсийн байрны засвар үйлчилгээ бүрэн хийгдсэн, тоног төхөөрөмж, түүхий эд материал худалдан авсан буюу дундаж гүйцэтгэл 50 хувь байна. 2018 оны арванхоёрдугаар сард төсөл бүрэн хэрэгжиж дуусах байсан боловч тендерийн ажлууд хойшлогдсон учраас хугацаандаа амжаагүй. Одоогоор нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газарт 10 бойлуур. БОАЖЯ-ны 15 бойлуур нийлүүлэх тендерт оролцохоор бэлтгэж байна. 40 сая төгрөгтэй тэнцэх бойлуур болон халаагуур үйлдвэрлэсэн. Зээлийн хугацаа хэтрэлттэй. НЗДТГ, БОАЭЯ-ны тендерийн мөнгө орж ирэхээр зээлээ хаана гэж мэдэгдсэн.

Засгийн газар Ажлын хэсэг томилон шалгуулахтай зэрэгцэн энэ мэтчилэн Б.Батбаярын үед олгогдсон зээлүүд ямар мөнгөн дүнтэй, үр дүн хэр байгаа зэргийг хэвлэлүүд бичиж эхлээд байна.

Үүнээс нэг зүйл тодорхой харагдаж байгаа нь Н.Мөнхбатын үед ингэж л эхэлсэн байдаг…

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

SHARE