Ц.Нямдорж хадарч Г.Эрдэнэбат хамгаалсан өдрүүд

Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн шалгалтын ажиллагаа олон нийтэд гэрэл цохиулж, хууль зүйн салбарын “толгойнууд” хоорондоо тэмцэлдсэн өдрүүд үргэлжилж байна.

Угаас С.Зоригийг хөнөөсөн хэрэг улс төр хийгээд хууль зүйн салбарынхны амбицын том талбар байсаар ирсэн. Өнгөрсөн жилүүдэд энэ жишээг монголчууд хангалттай харсан. ЦЕГ-ын дарга, цагдаагийн хурандаа Д.Мөрөн “Энэ хэргийг би илрүүлнэ” хэмээн 2000 оны УИХ-ын сонгуулиар сонгогдон улс төрд хөл тавьж байсан тод жишээ бий. Улстөрчид ялгаагүй. Амбицалж шоудсан нь тоймгүй.

Харин өнөөдрийн нөхцөл байдал арай өөр түвшин өрнөж байна. С.Зоригийг хөнөөсөн хүмүүсийг “илрүүлж” бүр 3 шатны шүүхээр ял оноолоо. Хэргийн цорын ганц гэрч гэгдэж ирсэн талийгаачийн эхнэр Б.Булган хэрэгт яллагдагчаар татагдлаа. Хэргийн мөрдөн байцаалтын явцад эрүүдэн шүүсэн нөхцөл байдал илэрсэн. Хэрэгт ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг шалгах явцад эрүүдэн шүүсэн 26 минут бүхий бичлэгийг /төрийн нууцтай холбоогүй/ УИХ-ын гишүүд, сэтгүүлчдэд ил болголоо.

21 жилийн турш бүрхэг ойлголттой явж ирсэн монголчуудын нүд онгойсон үйл явдал эдгээр байв. Үүнд онцгой гавъяа байгуулсан хүмүүсээр өнөөдрийн хэрүүлийн алимны хоёр тал болоод буй Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нэрлэгдэх учиртай.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж энэ хэргийн талаар ам хуурайгүй ярьж ирснийг олон нийт мэднэ. Хавтаст хэргийг хэсэгчлэн нууцаас гаргах, эрүүдэн шүүсэн бичлэгийг ил болгосон явдалд энэ хүний үүрэг их бий.

Нөгөөтэйгүүр 21 жил дуншсан хэргийг нэг талд гаргаж чадсан орлогч прокурор Г.Эрдэнэбатыг буруутгах үндэсгүй. Хуулийн хүн, тэр дундаа прокурор баримтад тулгуурлах үүрэгтэй. Түүнийгээ ч Г.Эрдэнэбат хэвлэлээр нэг бус удаа ярьжээ.

Яг одоо энэ хоёр хүний дунд дайн өрнөж байна. Хууль зүй, зүйд дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “…Хуулийн салбарт ажилласан 30 гаруй жилийн түүхээ эргэн санахад надад туйлын харамсалтай санагдаж байна. Дээд шүүхийн ажиллагаа, гаргаж байгаа шийдвэр, хүний эрхийн асуудал гэх мэт нь сонин болсон. Би арай ядан байж С.Зориг агсны амь насанд халдсан хэргийн нууцын зэрэглэлээс гаргасан. Гэтэл энэ хэрэг дээр хачин юм болсон. Би хоёрхон зүйл хэлье. Нэгд, энэ хэргийн нэг шүүгдэгчийн өмгөөлөгч нь нууц албаны ажилтан байсан. Тэр өмгөөлөгч гээд байгаа нөхөр амьдралдаа ганц удаа хэрэг уншиж үзээгүй, гадуур дагуул хийдэг байсан.  Ийм хүнийг Дээд шүүхэд бүргүүлж, өмгөөлөгчийн эрх аваад ямар ч хэргийг хүлээдэг хүний өмгөөлөгчөөр шүүх хуралд орсон. Ингэж өмгөөлөх эрх гэдэг зүйл байгүй болсон. Хоёрт, энэ хэргийг нууцлаад байгаа нэг гол шалтгаан бол цорын ганц гэрч Б.Булганыг шүүх хуралд оруулаагүй. Арван сар энэ хүнийг хориод, хэрэгсэхгүй болгож сулласан. Дараа нь шүүх хуралд оролцуулаагүй. Гэсэн атал Б.Булганы ам зургаар хүмүүст ял оноож, бүх насаар нь хорьсон. Гэрч нь амьд байсаар байтал үгийг нь сонсолгүй, шүүх хурал хийдэг ёс Монгол Улсад тогтсон. “Энэ хэрэгт нэр холбогдоод байгаа гурван хүн биш” гэдгийг Б.Булган хэлээд байсан учраас л шүүх хуралд оролцуулаагүй. Сүүлд энэ хэргийн бүх будилааныг хутгасан Г.Эрдэнэбат прокурор “Б.Булган хамжигч байсан юм шиг байна лээ. Гэтэл хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж хэлсэн.  Хамжигч байсан нь үнэн юм бол хөөн хэлэлцэх хугацаа нь одоо мөрдөгдөж байгаа хуулиар хугацаагүй байдаг юм. Хууль зүйн иймэрхүү мэдлэгтэй прокурор энэ хэргийг завхруулсан. Энэ хэргийг шалгах явцад 1937 онд хэрэглэж байсан адал балмад аргыг бүгдийг нь хэрэглэсэн. С.Зоригийг хөнөөсөн хэргийн бүх будлианыг хутгасан хүн нь Г.Эрдэнэбат прокурор” хэмээн мэдэгдсэн.

Харин хариуд нь орлогч прокурор асан Г.Эрдэнэбат хэвлэлд ярихдаа “..Ц.Нямдорж сайд юм л бол над дээр хэрэг нээдэг гэх юм. Баримт нотолгоо гараад ирэхээр хэрэг нээхгүй тэгээд яах юм. Нууц задарсан. Би дур гутаад байж байна. Ийм заваан юм хийж байдаг. Энэ хэрэг дээр Г.Эрдэнэбат, Б.Хурц хоёр мэдсээр байж нуусан, дарсан заавар өгсөн зүйл байхгүй. Надад энэ хэргийг илрүүлэх ямар ач холбогдолтой юм. Би ажлаа л хийсэн. Баахан хүн шагнал авсан гэж байна, сайд. Магадгүй, шагнасан юм байгаа биз. Намайг лав шагнаагүй. Тэр ноцтой хэргийг илрүүлсэн гээд бодвол тэр байгууллага нь чи энэ том хэргийг сайн ажиллаж хэрэг илрүүллээ гэж шагнасан байх. Харин одоо бүүр эсрэгээрээ гэмтэн буруутан бүүр зохиолыг нь бичсэн болгоод явчихлаа. Тэр үед бид бүгд л тэгж итгэж байсан. Би одоо ч итгэл арилаагүй. Энэ гурван хүн үйлдсэн нь тодорхой бүх баримт бүх зүйлээр нотлогдчихоод байна. Харин алдаа завхрал байсан уу гэвэл байж. Тэгээд алдаагаа хараад хэрэг үүсгээд мөрдөж байгаа юм биш үү. Гүйцэтгэх ажлын нууц гээд хана зөндөө л мөргөж байсан. Бид өөрсдөө дотоод хяналт шалгалтаараа шалгасан гэдэг байсан. Бид өөрийнхөө хэмжээнд үүнийг зас гэж явдаг. Одоо энэ мөрдөж байгаа мөрдөлтөөрөө намайг яаж ажиллаж байсныг ол л доо. Асуудалгүй. Би тэнд Төв аймагт очоод камераар хараад энэ хүнээ одоо оруул одоо ингэж дарамтал гээд сууж байсан байна уу, эсвэл хотод ерөнхий прокурорынхоо орлогчийн ажлыг хийгээд цаастай зууралдаад сууж байж уу гэдэг нь гараад ирнэ” гэжээ.

Хууль зүйн салбарын сайд, прокурор хоёрын нэг бус удаа ярьсан хэлснээс дүгнэхэд Ц.Нямдорж хаяагаа хадарч, Г.Эрдэнэбат хамгаалах гэсэн оролдлогууд болж харагдаад байна. Харин эцэст нь 21 жил хүлээсэн хэргийн илрүүлэлт замхарч, С.Зоригийг хөнөөсөн хэрэг эзэн холбогдогчгүй хэргийн жагсаалтад орох нөхцөл байдал үүсэх вий.

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

SHARE