Б.Содномдаржааг дарамталсан Итгэл гэгч хэн байв?

С.Зоригийг хөнөөсөн хэргийн мөрдөн байцаалтын явцад Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн 26 минутын бичлэгийг УИХ-ын гишүүд болон сэтгүүлчдэд үзүүлээд байна.

Уг бичлэг дээр Ц.Амгаланбаатар ялтан И болон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажилтан Б нартай ээлжлэн Б.Содномдаржаагийн өрөөнд орж дарамталдаг тухай ам зураг болон яриагаар олон нийт хангалттай ойлголттой болоод байна.

Б.Содномдаржааг дарамтлахаар Ц.Амгаланбаатартай орсон И буюу Итгэлийн талаарх баримтыг бид олоод байна.

Тэрээр хэн байсан, Б.Содномдаржааг дарамталсныхаа төлөө ямар шан хүртсэн тухай нэгэн эх сурвалж ярьсан юм. Эх сурвалжийг нууцлах үүднээс түүний яриаг нийтлэл болгон бэлтгэв.

 

Итгэл гэж хэн бэ?

Б.Содномдаржаагийн өрөөнд Ц.Амгаланбаатартай хамт орж 4 хоног дарамталсан хоригдол И буюу Итгэл нь хүн амины хэрэгтэй, Мааньтын хорих ангид хоригдож байжээ. Тэрээр 2008 онд Улаанбаатар хотод согтуугаар хүний аминд хүрч 16 жилийн ял сонсчээ. Энэ нь түүний анхны хэрэ юмсанж.

Итгэл нийслэлийн 1 дүгээр сургуулийг төгссөн, Чехэд мэргэжил дээшлүүлсэн өндөр боловсролтой залуу байсан гэнэ. Гэвч согтуургаар хүний аминд хүрснээр ийнхүү ял шийтгүүлсэн байжээ. Тэрээр шүүхийн шийдвэрийн дагуу 2024 онд суллагдах байсан ч С.Зоригийн хэргийн мөрдөн байцаалтад “гавьяа” байгуулснаар хугацаанаас аль эрт суллагдан эрх чөлөөтэй болжээ.

 

2015 онд юу болов?

Олон нийтэд ил болгосон бичлэгт 2015.09.01-ний өдрийн үйл явдал гардаг. Тэгвэл Итгэлийг ганцааранг нь 2015 оны 5 дугаар сарын дундуур Мааньтын хорих ангиас 1 сар гаруйн хугацаатай авч явсан байдаг аж. Хорих ангиас хоригдлуудыг шилжүүлэх, дахин шалгах шаардлага гардаг бөгөөд үүнийг цагдаагийн байгууллага хариуцаж авч явдаг гэнэ. Гэвч энэ удаа Итгэлийг шүүхийн шийдвэрийнхэн авч явжээ.

Итгэл 1 сар гаруйн хугацаатай явж ирчихээд ангидаа шууд ахлах тогооч болсон гэнэ. Мөн ангийн хуягуудтай ч найзархуу болжээ.

 

Яагаад Итгэлийг сонгов?

Эх сурвалж уг хэрэгт Итгэлийг татан оруулсан шалтгааныг ингэж тайлбарлав.

Мааньтын хорих анги Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлалтай. Тухайн үед Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг Төв аймгийн Цагдан хорих ангид байцааж байсан. Тэднийг Ц.Амгаланбаатарын хамтаар дарамтлуулах хүн олохын тулд холоос эрэх шаардлагагүй. Нийслэлээс болон өөр аймгаас хоригдол авч ирэхэд хүрэхэд пркурор, шүүхэд мэдэгдэх шаардлага гарна. Асуудал үүснэ. Тиймээс нэг тойрогт байгаа Мааньтын хорих ангиас хоригдол авч ирэх бүрэн боломжтой.

Айлган сүрдүүлэхэд давтан хэрэгтэй хоригдлууд оролцохыг хүсдэггүй. Харин хамгийн боломжтой нь анхны хэрэгтэй, мөн хүн амины хэрэгтэй. Дээрээс нь биерхүү өндөр хүн дарамталвал илүү сүр хүчтэй гэж үзсэн бололтой. Үүнд хамгийн сайн тохирох хүн нь Мааньтын хорих ангид Итгэл байсан гэж байна.

Хэдийгээр Итгэл өөрөө дургүйцсэн ч айлган сүрдүүлэх, дарамтлах маягаар зөвшөөрүүлсэн байх магадлалтай. Хамгийн гол нь улсын нууцтай холбоотой хэрэг, шагналд нь аятай таатай нөхцөлд ял эдлэх, ялаас эрт мултрах боломжийг олгосон хэрэг. Үүнийг баталж Итгэл 1 сарын хугацаатай явж ирснийхээ дараа ангидаа ахлах тогоочийн ажлыг хийж байгаад удалгүй суллагдсан байдаг аж.

Дашрамд дурдахад, төрийн нууцтай холбоогүй, олон нийтэд ил болгосон бичлэгт Итгэл 4 хоногийн турш Б.Содномдаржаагийн өрөөнд байрладаг. Тэгвэл Итгэл хорих ангиасаа 1 сар гаруйн хугацаанд явсан байдаг нь анхаарал татна.

 

Б.Содномдаржааг дарамталсан нь эрүүдэн шүүлтийн хөнгөн хэлбэр үү?

Эрүүдэн шүүлт бодит амьдрал дээр үүнээс аюултай байдгийг эх сурвалж мөн өгүүлсэн. Өөрөөр хэлбэл, Б.Содномдаржааг галуун цуваагаар явуулах, өтгөн шингэнтэй холих асуудал зарим хорих ангийн нөхцөлд хөнгөн хэрэгт ордог юм байна. Үүнээс дор нөхцөлд сэжигтнүүдийг хэрэг хүлээлгэх үйл явдал өрнөдөг тухай эх сурвалж ярьсан. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэр тухай нарийн мэдээлэх нь зүй ёсонд үл нийцэх учраас хорих анги дахь эрүүдэн шүүлтийн талаар ингээд өндөрлөе.

Түүнээс гадна прокурорын шалгалт, ХЭҮК энэ нөхцөлд хэрхэн ажилладаг тухай эх сурвалж таагүй байр суурьтай байв. Тодруулбал, прокурорын шалгалт хууль ёсны дагуу сар бүр ирэх ёстой ч ирэхээс ирэхгүй нь олон. Хорих ангийн зүгээс ХЭҮК-ийн  шалгалтын бүрэлдэхүүнтэй уулзуулах хоригдлуудыг урдаас бэлтгэдэг. Тэд эрх нь зөрчигдөхгүй, сайхан байгаа тухай мэдүүлэх үүрэгтэй. Хоригдол эрх нь зөрчсөн тухай мэдэгдвэл эрхээ хамгаалуулах бус дахин хүчирхийлэлд өртдөг гэдгийг эх сурвалж хэлж байв.

Эх сурвалж: news1.mn Д.Болд

SHARE