Эрүүдэн шүүсэн хэрэгт Ц.Элбэгдорж, Ц.Нямдорж нар хариуцлага хүлээх ёстой гэв

С.Зоригийг хөнөөсөн хэргийн мөрдөн байцаалтын явцад шүүгдэгчдийг эрүүдэн шүүсэн асуудлаар “Эрх чөлөө” хөдөлгөөнөөс өнөөдөр мэдэгдэл хийв. Тэд энэ асуудалтай холбогдуулан Засгийн газар болон Хүний эрхийн үндэсний комисст шаардлага хүргүүлж байгаагаа дуулгав. Энэ талаар хөдөлгөөний ерөнхий зохицуулагч М.Чимэддорж “Эрх чөлөө хөдөлгөөн болон эрх чөлөөг эрхэмлэгч хүн бүр эрүүдэн шүүх явдалтай хэзээ ч эвлэрэхгүй бөгөөд улс төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн гэмт хэргийг шалгах явцад эрүүдэн шүүсэн үйл ажиллагаанд оролцсон хүн бүрийг шалгах ёстой гэж үзэж байна. Мөн эрүүдэн шүүх ажиллагааг гүйцэтгэсэн гүйцэтгэгч, зохион байгуулсан албан тушаалтан, зохион байгуулах даалгавар өгсөн буюу хатгасан зэрэг албан тушалтнуудыг олон нийтэд ил болгож, хуулийг хариуцлага хүлээлгэх ёстой. Түүнчлэн эрүүдэн шүүсэн асуудлыг далимдуулан улс төрийн ашиг хонжоо хайх, үндсэн хуулийн суурь зарчмын эсрэг хууль батлах замаар шүүхийн хараат бус байдлыг устгахыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж байна” гэв.

“Эрх чөлөө” хөдөлгөөний зохицуулагч Б.Ган-Очир “Нэг эрх мэдэл дээр төвлөрөх цэг нь эрх мэдэл хуваарилагдах онолоор гурван салаа байх ёстой гэсэн зарчмыг мөрдөөд 29 жил болж байна. Энэ хугацаанд хүний эрхийг ноцтой зөрчсөн, эрүүдэн шүүх асуудал их болсон байна. Үүнд хариуцлага нэн түрүүнд ярих ёстой хоёр хүн байна. Нэг нь Хууль зүйн сайд Ц.Нямдорж. 2005 оноос хойш буюу түүнийг Хууль зүйн сайдаар ажиллаж байх үед олон улсын байгууллагуудын гаргасан тайлан, илтгэлийн дагуу ямар ажил хийж байсан бэ гэдгийг асуумаар байна. Нөгөө нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж. Шүүгчдийг бүтнээр нь нэг өдөр чөлөөлөөд, нэг өдөрт томилж, оронд нь шүүх системд өөрийн гэсэн хүмүүсээ байршуулж ирсэн гэдэг талаар олон нотлох баримттай яриа байдаг. Тэр үед эрүүдэн шүүхтэй холбоотой процесс юу болж байв гэдгийг бид бүхэн судлах ёстой” гэсэн юм.

Түүнээс гадна ХЭҮК жил бүр хүний эрхийн нөхцөл байдлын талаар илтгэл бичих төдийнхнөөр ажиллаж болохгүй гэлээ.

Эх сурвалж: news1.mn

SHARE