Меган Маркл Хатан Хааны гэр бүлийн уламжлалыг зөрчихөөр шийджээ

Сассескийн гүнгийн ахайтан Меган Маркл Их Британийн Хатан Хааны гэр бүлд сүүлийн 40 гаруй жилийн турш тогтсон нэгэн уламжлалыг зөрчихөөр шийджээ. Тэрбээр гүнж Диана болон Кейт Миддлтон нарын хүүхдээ төрүүлсэн Гэгээн Мариагийн эмнэлгийн Линдогийн жигүүрт амаржихаас татгалзсан байна.

Гэртээ ойрхон газар хүүхдээ төрүүлэх нь зөв гэж Меган Маркл нөхөр, хунтайж Харригийн хамт шийдсэн гэнэ. Мөн энэ шийдвэрт Меган Марклын 37 настайдаа төрж буй нь нөлөөлсөн сурагтай.

“Харри, Меган хоёр тэдний хүүхдийг хэрхэн төрөхийг олон нийт маш ихээр анхаарч, хүлээж буйг мэдэж байгаа. Гэхдээ энэ хүүхэд Хаан ширээг шууд залгамжлагч биш тул олны нүднээс аль болох хол байхыг тэд хүсч байна” хэмээн Хатан Хааны гэр бүлтэй ойр гэх эх сурвалж мэдэгджээ.

Гэгээн Мариа эмнэлгийн Линдогийн жигүүрт 1977 онд гүнж Анна хүү Питерээ төрүүлсэн байдаг. Үүнээс дөрвөн жилийн дараагаар мөн охин Зарагаа тэнд төрүүлсэн юм. Үүнээс хойш гүнж Диана болон Кейт Миддлтон нар мөн тэнд хүүхдээ төрүүлжээ.

news1.mn Р.Гэгээ

 

SHARE