“Аспайр майнинг” компани Хөвсгөл аймгийг бүрэн эзлэхээр санаархаж байна

Хөвсгөл аймгийнхан хоёр жилийн өмнө уул уурхайгүй аймаг болсноо зарлаж, бусад аймгуудад үлгэр дууриалал болсон үйл явдал болж байв. Харамсалтай нь эсрэгээрээ уул уурхайн лицензэд эзлэгдсэн аймаг болж байна. Ингэхдээ олон компани бус нэг компанийн мэдэлд хууль бусаар энэ аймгийн газар нутаг орж байгаа баримтыг бид цувралаар хүргэхээр бэлтгэлээ.

Хөвсгөл бол 21 аймгийн дунд онцлог бүс нутаг. Монгол Улсын стратегийн гол бүтээгдэхүүн цэнгэг усны 70 хувь, дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нуур энэ аймагт бий. Зөвхөн энэ тайлбар л Хөвсгөл аймгийг ямар нөлөө бүхий, Монгол Улс стратегийн гол бүтээгдэхүүнийхээ дийлэнх нөөц байгаа газрыг хамгаалах ёстойг бэлэхнээ харуулна.

Харин уул уурхай бол усны “дайсан”. Уул уурхайн салбарт хамгийн их ус хэрэглэгддэг. Уул уурхай хэдий сайн хөгжинө, тэр хэрээр усны нөөц багасч байдаг шууд хамааралтай. Ялангуяа Монгол шиг усны нөөцөө хамгаалах, бүрдүүлэх бодлого сул оронд уул уурхай гал дээр тос нэмсэнтэй адил. Үүний нэг жишээ Хөвсгөл аймаг юм.

Хөвсгөл аймагт Овоотын коксжих нүүрсний ордыг эзэмшигч “Аспайр майнинг” гэж компани бий. Компанийн танилцуулгад “Аспайр майнинг лимитед компани нь олон улсын зэрэглэлийн сайн чанарын коксжих нүүрсний орд газруудыг Монгол Улсад нээж, олборлох, тэгснээр хувьцаа эзэмшигчдийн хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах эрхэм зорилго бүхий Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй хайгуул, олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг компани юм…” гэжээ.

Тус компани Хөвсгөл аймагт анх хөл тавьсан үеэс хууль зөрчсөн тухай олон баримтыг нутгийнхан дэлгэдэг. 2007 оны арваннэгдүгээр сарын 1-нд АМГТХЭГ-аас  Хөвсгөл аймгийн Засаг дарга Б.Батхүүд хаягласан албан тоот очжээ. Уг бичигт Австралийн  хөрөнгө оруулалттай “Аспайр Майнинг” компанийн охин компани болох  “Хургатай хайрхан”  компанид Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Овоот нэртэй газарт 9436 гектор талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой байна” гээд үүнтэй холбогдуулан орон нутгийн удирдах байгууллагын саналыг  ирүүлэхийг хүсчээ.

Хуулийн дагуу 30 хоногийн дотор багтаж тухайн сарынхаа 14-нд аймгийн Засаг дарга хариугаа явуулжээ. Хариу албан бичигт Б.Батхүү “Цэцэрлэг суманд үйл ажиллагаа явуулдаг “Могойн гол” хувьцаат компанийн  нүүрсний уурхай болон Могойн голын эзэмшлийн талбайтай давхцаж буй тул олгох боломжгүй” гэсэн байна.  Орон нутгаас ингэж хариу өгсөн ч үүнийг Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрын лиценз олгодог албан тушаалтнууд тоогоогүй байна. 2008 оны арваннэгдүгээр сарын 21-нд тухайн үеийн АМГТХЭГ-ын ГУУКГ-ын даргын шийдвэрээр  улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон ордод хууль зөрчин хайгуулын  тусгай зөвшөөрлийг  “Хургатай хайрхан” компанид олгосон байдаг ажээ.

Могойн голын ордод олгосон тусгай зөвшөөрлөөр тус компани Овоот төслийг хэрэгжүүлэх болсон байна. Коксжих нүүрсний нөөцөөр Монгол Улсад хоёрдугаарт жагсдаг нүүрсний хамгийн том төсөл гэгддэг Овоот орд нь 255 сая тонн нөөцтэйг тогтоожээ.

Сүүлийн үед уул уурхайн салбарт нийтлэг нэг дүр зураг ажиглагдах болсон нь Монголын баялгаас цөөхөн хүн ашиг хүртдэг тухай. Тэднийг тойрсон шахааны бизнес, авлига албан тушаалын наймаа цэцэглэдэг. Улс төрийн нөлөлөл хамгийн их ордог. Гадныхантай үгсдэг. Хууль хүчин, төрийн байгууллагууд өөрсдөө хууль бус зүйлд гар бие оролцдог. Монголын хууль гууль болдог. Баялгийн эзэд болсон нутгийн иргэд ашиг хүртэх битгий хэл хохироод үлддэг ийм нэгэн жишиг бий болсоор уджээ.

Овоот төсөл, Эрдэнэ-Овоот чиглэлийн төмөр зам гээд нөлөө бүхий том орд, том төсөл бүгд улстөрчдийн шийдвэрээр урагшилж байсныг энд дурдах учиртай. Нэг ёсондоо манай улстөрчид орд эзэмшигчдийн талд шийдвэр гаргадаг, түүнээсээ ашиг хүртдэг байдал хавтгайрсан гэхэд хилсдэхгүй.

Могойн голын уурхайд хууль бусаар тусгай зөвшөөрөл эзэмшсэн “Аспайр майнинг” компани бас нэгэн том төслийг хууль зөрчин эхлүүлэхээр санаархаж буй. Тэр бол Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын төсөл юм.

2010 оны зургадугаар сарын 24-нд УИХ-ын 32-р тогтоолоор баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан байдаг. Гэтэл энэ бодлогын баримт бичигт Эрдэнэт-Мөрөн-Овоотын чиглэлийн төмөр зам багтаагүй байна. Гэтэл бодлогод ороогүй төмөр замын чиглэл концессийн жагсаалтад ороод иржээ. 2012 оны долдугаар сарын 4-нд Эрдэнэт-Мөрөн-Овоотын чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих төслийг Концессийн зүйлийн жагсаалтад анх Засгийн тогтоолоор оруулсан байдаг аж.

Концессийн тухай хуулиар концесс олгох үйл явцыг тодорхойлсон байдаг. Товчхоноор оролцогчийг шалгаруулах уралдаан юм. Концессийн жагсаалтад багтсан Эрдэнэт-Мөрөн-Овоотын чиглэлийн төмөр замыг барихад мөн л уралдаан сонгон шалгаруулалтыг явуулах ёстой байв.

Гэтэл Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 111 дүгээр тогтоолоор Эрдэнэт-Мөрөн-Овоотын чиглэлийн төмөр замыг барих ажлыг уралдаан шалгаруулалт явуулах ажлыг шууд гэрээ байгуулах болгон өөрчилж “Аспайр майнинг” компанид эрх олгосон байдаг аж. Концессийн тухай хуульд шууд гэрээ байгуулах талаар ингэж дурджээ.

Концессийн тухай хуулийн 17 дугаар зүйл:

17.1.Дор дурдсан тохиолдолд шууд гэрээ байгуулах аргаар концессыг олгож болно:

  • 1.1.уралдаант шалгаруулалт явуулах нь үндэсний аюулгүй байдалд харшилна гэж үзсэн;
  • 1.2.концессыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай оюуны үнэт зүйлтэй холбоотой эрх нэг буюу нэгдмэл сонирхолтой этгээдийн өмчлөлд байгаа;
  • 1.3.уралдаант шалгаруулалт зарласан боловч санал ирээгүй, эсхүл шаардлагад нийцсэн санал ирээгүй бөгөөд уралдаант шалгаруулалт дахин зарласан ч шаардлагатай хугацаанд санал ирэх магадлал бага гэж эрх бүхий этгээд үзсэн;
  • 1.4.концессын зүйлийг энэ хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу бусад этгээдэд шилжүүлсэн.

Гэвч Эрдэнэт-Мөрөн-Овоотын чиглэлийн төмөр замын тухайд дээрх заалтуудын аль нь ч гарах үндэслэл байгаагүй гэж “Уул уурхайгүй Хөвсгөл” ТББ-ын тэргүүн Ж.Энхбаатар хэвлэлд ярьжээ.

Хуулийн зөрчил үүгээр дуусахгүй. Аливаа уул уурхайн төсөл хөтөлбөрөөс эхлээд жижиг хэмжээний тусгай зөвшөөрлийг эзэмшигч өөрийнх нь үйл ажиллагаа тухайн газар нутгийн байгаль орчинд ямар нөлөө үзүүлэх вэ, үзүүлсэн нөлөөг хэрхэн бууруулах талаар үнэлгээ гаргаж төлөвлөгөө батлуулдаг хуулийн заалттай. Гэвч энэ төсөлд байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгээгүй, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас нарийвчилсан үнэлгээ хийхийг удаа дараа шаардсан албан бичгүүдийг “Аспайр майнинг” компанид хүргүүлсэн байдаг аж.

Хэдхэн хоногийн өмнө Хөвсгөл аймагт “Аспайр майнинг”-ийн үйл ажиллагааг эсэргүүцсэн томоохон жагсаал болов. Монголын хуулийг гууль болгон үл тоож байгаа компанийн үйл ажиллагаа Хөвсгөл аймгийн байгаль орчныг сүйтгэх, цөлжилт үүсгэх эрсдэлтэй байгааг тэд онцолж байсан юм. Хөвсгөлчүүд зөвхөн энэ удаа ч бус өмнө нь олон удаа эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулж, нийслэлд ирж хэвлэлийн хурал хийж байсан удаатай.

“Аспайр майнинг” компани олон охин компанитай. Тэд охин компаниудаараа дамжуулж Хөвсгөлийг бүрэн эзэлсэн лицензүүдийг авсан баримтууд бидэнд байна. Түүгээр зогсохгүй хөшигний араас ашиг хүртдэг эцсийн өмчлөгчид нь хэн болох нь тун сонирхолтой. Эдгээр баримтыг бид үргэлжлүүлэн хүргэх болно.

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

SHARE