Ач охиноо түлхэж авраад, өөрөө мөсөнд дарагдаж амиа алджээ

Оросын Томск хотноо нэгэн эмэгтэй байшингийн дээвэр дээрээс гэнэт унасан мөсөнд цохиулж дарагдан амиа алдсан золгүй явдал гарчээ. Мөс доош унах гэж буйг харсан эмэгтэй хөтөлж явсан таван настай ач охиноо цааш түлхэж амийг нь аварсан ч өөрөө холдож чадалгүй дарагдаж, газар дээрээ нас баржээ.


“Нэг эмэгтэй хүүхэдтэйгээ явж байсан. Сүүлчийн мөчид хүүхдээ түлхэж холдуулж амжаад өөрөө амжаагүй” гэж болсон явдлыг харсан нэгэн гэрч өгүүлсэн байна. Охин дунд зэргийн гэмтэлтэй гэсэн оноштойгоор эмнэлэгт хүргэгджээ.

Золгүй явдлын тухай мэдээ түгсний дараагаар Томск хотын захиргаанаас бүх байшингийн дээвэр, балкон дээрх цас мөсийг богино хугацаанд цэвэрлэж, арилгах тушаал өгчээ. Мөн дүүрэг бүрт өмнө нь дээврийн цас мөсийг бүрэн арилгах тушаал өгсөн атал биелүүлээгүй тул хариуцсан байгууллагад хэрэг үүсгэн шалгахаар болжээ.

News1.mn Р.Гэгээ

 

 

 

SHARE