30 жил сугалаанд ижил тоо дугуйлсан эр 46 сая австрали доллар хожжээ

Австралийн Мельбурн хотын оршин суугч нэгэн эр нэгэн сугалааны хоёр тасалбар худалдаж аваад, хоёулан дээр нь ижил тоонууд бичин илгээжээ. Тэрбээр хоёр тасалбарыг хоёр өөр сугалааных гэж бодсон аж. Гэтэл тэрхүү тасалбар нь хоёулаа нэг сугалааных байсан төдийгүй хоёулаа хамгийн дээд хонжворыг хүртснээр 46 сая австрали доллар хожсон байна. 46 сая австрали доллар гэдэг ойролцоогоор 86 тэрбум төгрөг болно.

Нэрээ нууцлахыг хүссэн австрали эр “Би дандаа ижил тоо дугуйлдаг юм. 30 жилийн турш сугалаанд оролцохдоо нэг ч удаа хонжвор авч байгаагүй. Харин энэ удаад бүр давхар хонжворын эзэн боллоо. Одоо хүртэл бүрэн итгэж чадахгүй байна” хэмээжээ.

Их хэмжээний мөнгө хожсноо дуулсан даруйдаа тэрбээр ажлаасаа гарч, ойрын хэдэн сар дур зоргоороо амьдрахаар шийдсэн гэнэ. Түүнийг 30 жилийн турш сугалаанд оролцсныг сугалаа зарласан газрынхан тооцож үзээд “Энэ хугацаанд ойролцоогоор 30 мянган австрали долларыг сугалааны тасалбар худалдан авахад зориулсан байх. Гэвч эцэстээ 46 саяыг хожлоо шүү дээ” хэмээн мэдэгджээ.

news1.mn Р.Гэгээ

 

SHARE