Дархан аварга Х.Баянмөнх: Бат-Эрдэнэ “Миний даваа ханачихлаа” гэхэд нь “Тэгвэл чи Гантогтохыг авах ёстой” гэж хэлсэн

2000 оны наадмын наймын даваа буюу шөвгийн дөрөвт дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ улсын заан Баянмөнхийн Гантогтохыг амласан. Наадамчин олон аваргыг авах хүнээ л авлаа гэж тооцож байлаа. Гэтэл нэг өрснөө элэг бүсээ тайлаад тахимаа өгчихсөн. Цэнгэлдэхэд цугласан олон төдийгүй Монгол даяараа тэгэхэд цочирдон гайхсан нь дамжиггүй. Улсын наадамд сүүлийн найман жил босоо дархалсан аваргыг бүгд түрүү үзүүрт хараад сурчихсан байлаа. Гэтэл шөвгийн дөрөвт барилдалгүй тахимаа өгчих нь тэр. Үзэгчдийн зарим нь эгдүүцэн хашгирч, зарим нь амаа ангайлгасан чигээр наадам дуусгасан гэхэд хилсдэхгүй. Тэр наадмаар Агваансамдангийн Сүхбат түрүүлж, улсын арслан цол хүртсэн юм. Зургаан залуу заан гэж Монгол бөхийн түүхэнд алтан үсгээр бичигдэх гайхамшигт хүчтэнүүдээс ийнхүү анх цолоо ахиулсан нь тэр байлаа.

Миний хувьд Х.Баянмөнх аваргатай дараа жилийнх нь хавар таарч ярилцахдаа зөвхөн тэр наадам, тэр ам, тэр барилдааныг л тойрон аль болох дэлгэрэнгүй яриулахыг хичээсэн юм. Эдүгээгээс 18 жилийн өмнөх Х.Баянмөнх аваргын ярилцлагыг таалан болгооно уу. Тус ярилцлага “Бөх” сонины 2001 оны дөрөвдүгээр сарын дугаарт хэвлэгдэж, дараа сард нь аваргын зургийг, сониныхоо хамт буцаан өгч билээ.

Дархан аварга Х.Баянмөнх гуайгаас манай сонины энэ дугаарын эхний нүүрэнд нийтлэгдсэн зургийн талаар тайлбар авахаар очиж уулзсан юм. Эл зургийг харснаа аварга залуу нас, жаалхан хүүгээ эргэн нэг санаснаа инээвхийлсэн билээ.

  • Энэ хэдэн оны зураг вэ, аварга аа?
  • 1975 оны зураг байна. Гантогтох гурван настай байжээ. Би ч дархан аварга болчихсон бас дэлхийн аварга болоод байлаа.
  • Гантогтох багаасаа л бөх болмоор хүү байв уу?
  • Бүр төрснөөсөө эхлээд л бөх болох хүн нь мэдэгдсэн. Намайг дагаад л барилдаан үзээд явдаг байлаа. Төртогтох, Буянтогтох гэдэг хоёр ахаасаа арай л илүү бөх болчихно доо гэж хардаг байлаа. Буянтогтох маань уг нь чөлөөтөөр нэлээн сайн барилдаж байгаад хүнд гэмтэл аваад барилдахаа больчихсон юм.
  • Одоо заан Гантогтоход юу дутуу байна?
  • Ер нь амжилт гаргахад бэлэн болсон. Одоо ямар ч хэмжээнд барилдаж, улсад түрүүлэхэд ч бэлэн болсон. Гагцхүү өөрийнх нь ухаан л яахыг нь зааж өгнө дөө.
  • Та өнгөрсөн наадмын дараахан “Гантогтох яахав энэ жил үзүүрлэлээ. Гэвч цаашдаа Сүхбатаас ч илүү түрүүлэх боломжтой” гэж хэсэн. Үүний учир юунд байна?
  • Гантогтох бол бяр сайтай. Үндэсний бөхөд бяр хүч голлодог болохоор бяртай бөх 35, 36 хүртлээ сайн барилдаж чаддаг. Гэтэл мэх техникээр голлож давдаг бөх бол 33, 34 хүрээд жин нь нэмэгдээд, хөдөлгөөн нь саараад ирдэг тал бий л дээ. Тэгээд л би Ганааг хүч бяраар илүү гэж бодоод тэгж хэлсэн байлгүй. Үндэсний бөх бол бяр хүч голлодог юм.

  • Өнгөрөгч наадмын долоогийн даваанд заан Ц.Цэрэнпунцаг таны хүүг амлахад юу бодогдож байв?
  • Яамай л гэж бодсон. Цэрэнпунцаг бол чөлөөтөөр барилддаггүй. Харин Ганаа чөлөөтөөр барилддаг. Тэгээд ч бусад заануудаасаа биеэр барагтай нь юм. Долоогийн даваанд ийм бөхтэй барилдахаас өөр хэнтэй барилдах вэ дээ.
  • Заан Гантогтохын дараагийн давааны тухай олон хүн олон удаа ярьж бичиж буй болохоор энэ тухай ярих хүсэл танд бага байдаг уу?
  • Үгүй дээ, хоёулаа тэр тухай яривал ярья л даа.
  • За, Бат-Эрдэнэ аваргыг наймын даваанд ам авахаар очиход таныг нэг юм хэлээд тохойг нь алгадчихсан гэдэг. Тэгээд л аварга Гантогтохыг авсан гэж ярьж, бичих юм?
  • Сонин дээр ярих, хүмүүсийн бичих яах вэ. Тэр чинь үнэн ч байж болно, худлаа ч байж болно шүү дээ.
  • Энэ давааны тухай ярихад 1988 оны наадмын мөн наймын давааны тухай ярихаас өөр аргагүй байх. Та тэр тухай ярина уу?
  • Би тэгэхэд заан Баярааг авч болох л байсан. Хэрэв тэгсэн бол үзүүр түрүүнд Цэрэнтогтохтой дахин үлдээд, олон барилдаж сурчихсан болохоор үзүүр түрүүний аль нь ч байж мэдэх л байсан.
  • Тэгээд яагаад та Бат-Эрдэнийг амласан юм бэ?
  • Хамгийн гол нь Бат-Эрдэнийн багш нь миний багш байсан юм.
  • Хэн гэдэг хүн бэ?
  • Түүний нэрийг хэлээд яах вэ дээ, тэртэй тэргүй хүмүүс мэдэх биз дээ. Тэр хүн олон жил миний төлөө явж, надад бөхийн ухаан зааж өгч байсан юм. Тэгээд уугуул нутаг Хэнтийгээс нь ийм нэгэн сайхан бөх гараад ирсэнд баярлаад, улсын аварга, арслан болоосой гэж хүсдэг байлаа.Тэгээд тэр жилийн наадмын өмнөхөн надад Бат-Эрдэнэ “Ингээд наймын даваанд Цэрэнтогтохтой тунаад уначих юм. Уг нь шөвгийн дөрөвт биш үзүүр түрүүнд үлдээд барилдвал хаячихаж болмоор байдаг…“ гэж хэлсэн юм. Тэгэхэд нь би “За, би таны хэлснийг ойлголоо. Санаж явъя. Гэвч наадмын байдлыг харъя, тухайн үеийн байдлаас болъё” гэж хэлсэн юм. Тэр жилийн өмнө Ганбаатар арслан гайхалтай сайхан барилдаад улсын наадамд түрүүлчихсэн байлаа. Мөнхбатаас авахуулаад л хүн болгон л Ганбаатарыг аваргын залгамж гэж үзэж байлаа. Харин би Бат-Эрдэнийг гишгэдэл  сайтай, гол бяр сайтай юм гээд түүнийг аварга болно гэж хэлдэг байсан. Тэгээд ч хүмүүс надаас уйдчихсан, намайг нэг хазайхаар л нөгөө бөхийг бахдаж алга ташаад байх боллоо. Мөн хүүгийн багш нь надад тус болж байсан юм. Бас надаас барилдаан асуугаад явдаг байсныг нь бодоод, дээр нь ирээдүйн аварга гэж үнэлж явсан учраас энэ бүхнийг цэгнэж үзээд л дэмжих нь зөв гэж шийдсэн. Бат-Эрдэнэ бол ухаантай, дотроо бодолтой, зөв хүн гэж бодож явдаг. Ер нь ёсоо барьж, “агтны хариу жилдээ, аяганы хариу өдөртөө” гэдэг үгийг санаж явсан нь бөх хүний жинхэнэ ухаан юм.
  • Заан Гантогтох аваргаас тахим авчихаад тухайн үед их аваргын адил түрүүлж чадаагүй нь…?
  • Тэр бол Гантогтохын өөрийнх нь л буруу. Ер нь бөхчүүд олон янз байна шүү дээ. Хүний тусыг мэддэг нэг нь байхад тусыг боддоггүй хүмүүс байна. Өнгөрсөн, одоо, ирээдүйгээ цэгнэдэг гурван ухаан хүнд байх ёстой юм. Гэтэл өнгөрснөө мартчихаад, аваргаас ч илүү тусламж авсан хүмүүст тийм ухаан алга.
  • Та тэгээд их аваргад ямар үг хэлсэн бэ?
  • Бат-Эрдэнийг “бууж өг” гэж би тушаагаагүй. Харин Бат-Эрдэнэ надад “Миний даваа ханачихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Чиний даваа ханачихсан юм бол чи Гантогтохыг авах ёстой. Хэрэв чи түрүүлэх гэж яваа бол чиний хэнийг авах нь надад хамаагүй” гэж хэлэхэд юу ч дуугараагүй. Тэгээд аварга Мягмар заантай ярилцахад “Тэгэх нь буруу” гэж хэлсэн шиг байгаа юм.

  • Тэгэхээр яг арван жилийн өмнө наадмын наймын даваанд арав түрүүлчихсэн та яг л Бат-Эрдэнэ аварга шиг залууд тахимаа өгсөн нь сонин юм…?
  • Энэ бол дүгнээд байх юмгүй зүгээр л нэг тохиолдол юм.
  • Одоогийн энэ залуус дунд Бат-Эрдэнэ аварга та хоёрын амжилтыг эвдэхээр бөх харагдах юм уу?
  • Гоц гойд хүн харагдахгүй юм. Одоохондоо маш тэнцүү хэдэн хүүхэд байна. Гэхдээ аварга болох, аливаад хүрэхэд хүний хувь ерөөл гэж байдаг юм. Төрийн өндөр албан тушаалд ч гэсэн хэн хүсч бодсон нь оччихдог юм биш шүү дээ.
  • Та ач нараа сайн бөх болгохын тулд бүхнээ зориулах байх даа?
  • Би зургаан ачтай. Тэднийгээ заавал бөх болгоно. Одоо хийж буй эрдэм шинжилгээний ажлаа дуусгачихаад л ач нараа бөх болгохоор зүтгэнэ дээ. Би Ганаа, Сүхбат хоёрт “Хэрэв та хоёр аварга болж чадахгүй юм бол би энэ хэдэн ач нараасаа аварга төрүүлнэ” гэж хэлдэг юм.
  • А.Сүхбат, Б.Гантогтох хоёр аварга болж чадах болов уу?
  • Аварга цолыг авах ёстой шүү дээ. Одоо ийм сайхан барилдаж, бүгд эн тэнцүү юм чинь түрүүлж болно шүү дээ.
  • А.Сүхбат арсланг өнгөрөгч наадмын бэлтгэлд Төв аймгийнхантай анх удаагаа гарсанд хүмүүс их гайхаж, ярьж байсан…?
  • Би тэгэхэд УИХ-ын сонгуульд өрсөлдөх болоод наадмын бэлтгэлд гал авч гарах боломжгүй болсон. Тэгээд энэ тухайгаа хоёр хүүдээ хэлж, “Та нар биеэ даагаад бэлтгэл хий” гэж хэлсэн. Гэхдээ А.Сүхбат сайн зүгээ заалгаад тэр зүгтээ л гарсан нь Төв аймгийн чигт таарчихсан болохоос биш Төв аймгийн галд гараагүй шүү дээ. Ер нь Сүхбатыг түрүүлж, арслан цол авчихаар нь л манай бөх гэж Төвийнхөн яриад байдаг болохоос биш түрүүлэх хүртлээ Увс аймгийн, манай галд л гарч барилдсан хүүхэд шүү дээ. Яах аргагүй л 15, 16-тайдаа миний гар дээр ирж, миний гарын сүүдэр туссан бөх гэдэгтэй маргах хүн үгүй биз. Тэгэхээр Төв аймгийнхантай гарахдаа л түрүүлчихлээ гэж ярьж яваа хүмүүс бол үг хөөцөлддөг, алдар нэр горьдож явдаг л улс юм даа.

  • Энэ наадмын өмнөх галд Сүхбат арслан та нар цугтаа гарах уу?
  • Тэрнийг бид хоорондоо ярина аа.
  • Ер нь наадмын дэвжээнээ таарч барилдах магадлал ихтэй хүчтэй өрсөлдөгчид нэг галд гараад байх нь хэр зөв бэ?
  • Ер нь бол олон жил цугтаа бэлтгэл хийгээд дасчихсан тэр тусмаа бүр нэг галд гарсан бөхчүүд наадамд таараад барилдахад, цугтаа бэлтгэл хийхэд жаргал зовлон бий шүү дээ. Бөхийн дотоод нарийн амьдралыг мэддэггүй хүмүүс л янз бүрийн үг ярьж явдаг юм.
  • Та Гантогтохыг түрүүлж чадсангүй гэж зэмлэсэн үү?
  • Үгүй ээ, тийм юм огт байгаагүй. Ер нь хоёр бөх барилдаад нэг нь давахад тэр нь зөв барилдсан байдаг. Нөгөө нь унахад тэр нь буруу барилдсан байдаг шүү дээ.
  • Гантогтох заан наймын давааг сул авсан болохоор А.Сүхбатыг хаячих боломж их байсан шиг санагдах юм?
  • Гантогтох тэр илүүгээ л тооцоолж чадаагүй байхгүй юу. Ер нь тэгэхдээ тэр хоёр 10 минутын дараа эргээд сэргэнэ гэдгээ мэдэж байсан. Тийм хугацаанд тэгж сэргэхээр бэлтгэл хийсэн юм. Гэтэл хүмүүс янз бүрийн эм уусан юм болов уу гэж хэлдэг. Тэгвэл би хоёр хүүхдэдээ витаминаас өөр юу ч уулгадаггүй гэдгээ хэлье. Элдэв тариа хийлгэдэг хүмүүсийн тухай янз бүрийн яриа миний чихэнд сонстоод л байгаа. Би энэ бүхнийг бодоод ирэх наадмаар сэргээшийн шинжилгээ хийхээр хүмүүстэй яриад байгаа. Шинжилгээ хийвэл шударга үнэн шинжлэх хэрэгтэй. Тэрнээс биш шударга үнэн шинжилж чадахгүй юм бол тэгж шинжилсэн нэртэй явсны хэрэггүй.
  • Таниас нэг саваагүй зүйл асууя. Таны машины дугаар 66 66 дугаартай байдаг нь ямар учиртай юм бэ?
  • /Инээснээ/. Монголчууд маань зургаагийн тоо шүтдэг шүү дээ. Би ч зургаагийн тоо шүтдэг юм. ДАШТ-д арван жил барилдаж байж 1975 оны ДАШТ-д зургаа дугаартай сугалаа таарч барилдснаар дэлхийн аварга болж байлаа даа.
  • За, илэн далангүй ярилцсан танд баярлалаа.
  • За хүү минь, утгыг нь зөв гаргаад биччихээрэй!.

Ярилцсан Р.Мөнхдаваа /Р.Гэгээ/

SHARE