56 жил ханилсан хос нэг өдөр амьсгал хураажээ

АНУ-ын Мичиган мужийн нэгэн эмнэлэгт 56 жил хамтдаа амьдарсан 77 настай хос нэгэн шөнө амьсгал хураажээ. Олон жил ханилсан хоёр тусдаа тасагт хэвтэхийг хүсэхгүй байгааг эмнэлгийн удирдлага ойлгож нэг тасагт оруулж, орыг нь хүртэл нийлүүлж өгчээ.

Тэдний охин Мэри-Бетийн өгүүлснээр бол аав ээж хоёр нь хоёр хоногоос илүү хугацаанд тусдаа байж үзээгүй аж. Хоорондоо уулзахгүй байхыг тэсч тэвчиж чаддаггүй тул тэд өдөр бүр хамтдаа байдаг байж.

Жүдигийн хагалгаа амжилтгүй болж, эмнэлэгт үргэлжлүүлэн хэвтэхээр болоход Уиллын бие мөн өвдөж, эмнэлэгт хэвтжээ. Ингээд Уилл өдөр бүр ханийнхаа хэвтэж буй тасгаас салахаа больсон тул эмнэлгийнхэн нэг тасагт оруулсан байна. Нэг нь халуурахад нөгөө нь бас дагаж халуурах гэх мэтээр тэд нэг биетэй хоёр хүн шиг байж.

“Аав ээж хоёр маань бие биенгүйгээрээ амьдрахыг хүсээгүй мэт санагдаж байна. Үнэхээр хайртай хүнээ алдсны дараагаар амьд явах бүх хүсэл эрмэлзлэл унтардаг биз. Ээжийг нас барсны дараагаар аав минь яг л тэгсэн байх” хэмээн Мэри-Бет өгүүлжээ.

Жүди амьдралынхаа сүүлийн хэдэн хоногт бие нь дордож, хүмүүсийн үгэнд хариулах чадваргүй шахам байсан хэрнээ Уиллыг хажуунаас нь холдох төдийд “Хөөе, нөгөөх маань хаачив?” гэж байнга асууж байсан гэнэ. Сүүлийн хэдэн цагийг ч тэд хамтдаа өнгөрүүлж, Жүди нас барснаас хойш хэдхэн цагийн дараагаар Уилл эцсийн амьсгалаа татжээ.

news1.mn Р.Гэгээ

 

 

 

SHARE