Оросын шигшээд гадаад хөлбөмбөгч тоглуулахыг Аршавин Павлюченко Погребняк нар эсэргүүцэв

Оросын шигшээ багт сүүлийн жилүүдэд гадаад хөлбөмбөгчид харагдах болсон. Роман Нойштедтер, Константин Рауш нарыг Оросын эрлийз хэмээн үзэж болох бол Марио Фернандес, Маринато Гилерме гэх бразил хоёр тоглогчийн талаар яриа гарах боллоо.

Эхлээд Павел Погребняк үг хаясан юм. “Шигшээд яахаараа гадаадын хөлбөмбөгчид үзэгдээд байх болов оо? Учир утгыг нь олохгүй юм. Ари яах гэж Оросын иргэний үнэмлэх авч байгаа юм? Оросын шигшээд хар арьстай тоглогч харахаар бүр инээд хүрэх юм. Гадаадуудгүйгээр болчихно шүү дээ” гэж Погребняк хэлсэн. Үүнийхээ төлөө тэрбээр арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хэрэгт унаж, ихээхэн хэмжээний торгууль төлөх болчихоод байна.

Үүний дараагаар Андрей Аршавин мөн ийм утгатай үгс хэллээ. “Погребнякийн үг хамаагүй ээ. Би угаасаа л шигшээд гадаад тоглогчид байх ёсгүй гэж үздэг. Магадгүй бидний үеийнхэн адилхан сэтгэдэг байхыг үгүйсгэхгүй. Казахстаны шигшээд хүртэл гадаад гэх тоглогч алга. Гэтэл манай шигшээд үзэгдэх боллоо. Марио Фернандес, Маринато Гилерме хоёр бол цэвэр бразил хүмүүс. Тэд замналаа дуусгаад хаана амьдрах юм? Хүүхдүүд нь аль улсын иргэн болох юм? Зүгээр л энд хөлбөмбөг тоглож буй бразилчууд шүү дээ” гэж Аршавин хэлсэн.

Тэгвэл дараагаар нь Роман Павлюченко мөн энэ сэдвийг хөнджээ.

“Гадаад хөлбөмбөгчдийг шигшээд тоглуулахыг би эрс эсэргүүцдэг. Хэн байх нь хамаагүй. Марио Фернандес бол манай лигийн баруун захын хамгийн шилдэг хамгаалагч. Гилерме ч гэсэн сайн хаалгач. Гэвч бидэнд өөрсдийн өөр сонголтууд бий үү дээ. Шунин, Лунев хоёр бол Гилермегээс дутахгүй. Дасгалжуулагч шийддэг асуудал ч гэсэн би үзэл бодлоо илэрхийлэх бас эрхтэй.

Оросын шигшээд орос л тоглогч байх ёстой. Манайх чинь агуу гүрэн. Тэрнээс өчүүхэн жижиг арал биш. Хаалганд ч, баруун, зүүнд ч тоглочихоор залуусыг энэ өргөн уудам нутгаас хангалттай олчихно” хэмээн Павлюченко өгүүлсэн байна.

news1.mn Р.Гэгээ

 

 

.

 

SHARE