Гиггз Ибрахимович хоёр хэвлэлээр үг хаялцав

“Манчестер Юнайтед”-д ердөө хоёр жил хагасыг өнгөрүүлсэн Златан Ибрахимович хуучин багийнхаа талаар бодлоо хэвлэлээр чөлөөтэй ярьжээ.

“Тэнд бүх юмыг Фергюсоны үетэй харьцуулдаг жишиг тогтчихсон. “Фергюсон байсан бол” гэх юмуу “Фергюсон ингэх байсан” гэх мэтээр бүх юм нь Фергюсонтой холбоотой.

Хэрвээ надаас шалтгаалдагсан бол би энэ жишиг харьцуулалтыг үгүй хийгээд өөрийнхөө түүхийг бүтээхийг хичээнэ. Одоо энд Фергюсон байхгүй. Тэгэхээр шинэ түүх эхлэх ёстой гэж хэлнэ. Өмнөх үеийн тухай сонсохыг хүсэхгүй. Одоо цагт л амжилт гаргах чухал.

Фергюсон клубын түүхэнд мөнхөрсөн. Харин одоо урагшлах ёстой цаг.

Мөн энэ клубын домгуудад хандаж үг хэлмээр санагддаг. Тэд одоо багтаа ажиллахаа больсон. Зурагтаар гарвал үргэлж л үг хаясан, гомдоллосон төлөвтэй байдаг. Клубынхээ ажилд идэвхтэй оролцохгүй байгаадаа тэгдэг биз. Гэвч багтаа тусалья гэж үнэхээр боддог бол очоод ямар нэг ажил олоод хий л дээ.

Зурагтаар байнга үг хаяж, гомдоллоод ямар нэмэр байна вэ? Тийм ээ, та нар өөрсдийнхөө үеийн шилдгүүд. Гэхдээ одоо тэр цаг ард хоцорсон” хэмээн Ибрахимович өгүүлсэн юм.

Тэгвэл Уэльсийн шигшээгийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж буй Райан Гиггз швед эрд ийм хариулт хэлжээ.

“Өсвөр наснаасаа эхлээд замналаа өндөрлүүлтлээ нэг багийн төлөө зүтгэж, бодож ирсэн болохоор бид одоо ч хамгийн түрүүнд багийнхаа дүнг харж, сэтгэлээ чилээж явдаг. Заримдаа сайн, заримдаа сөрөг бодлууд төрнө. Гэхдээ энэ бодлоо хэллээ гээд ямар нөлөө үзүүлнэ гэж? Бид бол энэ багийн үнэнч фанатууд, өмнөх үеийн тоглогчид нь. Одоо зарим нь экспертээр ажиллаж байна.

Хөлбөмбөгт хүн бүр өөрийн гэсэн үзэл бодолтой байж болно. Гэтэл “Юнайтед”-ын тухай ярих болохоор ганц Ибрахимович л бүгдийг мэддэг болсон юм байлгүй дээ” хэмээн Гиггз өчжээ.

news1.mn Р.Гэгээ

SHARE