Нэгэн тосгоныхонд мөнгө бэлэглэдэг “нууц ноёнтон” бий болжээ

Испанийн Паленсиа мужийн Вильяррамьель хэмээх жижиг тосгоны иргэдийн шуудангийн хайрцагт  “нууц ноёнтон” эсвэл “нууц хатагтай” байсхийгээд дугтуйтай мөнгө хийдэг болжээ.

Гуравдугаар сарын 6-наас эхэлсэн энэхүү гэнэтийн бэлэг одоогоор 15 айлд очоод байгаа гэнэ. Ихэвчлэн 100 еврог дугтуйнд хийсэн аж. Зарим тохиолдолд дугтуйнд мөнгөнөөс гадна урмын сайхан үгс бичиж орхижээ. “Энэ гэрийн үзэсгэлэнт гүнж танд” гээд зүрх зурсан дугтуй хүртэл гарсан байна.

“Хэн яагаад ингэж бидэнд мөнгө бэлэглээд байгааг бид мэдэхгүй учраас хурдхан л тэр нууцлаг нэгэн гараад ирээсэй гэж хүснэ. Ямар санаагаар ингэж буйг нь ч бид мэдэхгүй шүү дээ. Бэлэвсэрч хоцорсон эмэгтэй, өсвөр насны хүүхдүүд, ахимаг насны хос, хүүхэдгүй хос гээд бүгдэд л энэ бэлэг очиж байна. Бэлэг авч буй хүмүүс бүгдээрээ манай тосгоных л болохоос ямар нэгэн холбоос, нэг ижил шинж чанар байхгүй мэт. Тэгэхээр бүр ч гайхацгааж байна” хэмээн тосгоны тэргүүн Нуриа Симон Гонсалес өгүүлжээ.

Мөнгө бэлгэнд авсанд зарим хүмүүс цагдаад аваачин өгч, жинхэнэ мөнгө мөн бишийг нь шалгуулсан гэнэ. Гэвч мөнгө жинхэнэ байж таарчээ. Цагдаагийн ажилтнууд ч “нууц ноёнтон”-ыг хайж эхэлсэн байна. Тус тосгонд 800 хүн аж төрдөг юм байна.

news1.mn Р.Гэгээ

 

 

SHARE