Ц.Пүрэвтүвшин: Ерөнхий сайд таньтай уулзалт хийх хүсэлтэй байгаа тул хүлээн авахыг хичээнгүйлэн хүсье

ЗГХЭГ-аас Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувьчилсан үйл ажиллагаа хууль зөрчсөн хэмээн үйлдвэрт онцгой дэглэм тогтоож, хувьчлалд оролцсон Худалдаа хөгжлийн банк, Монголын зэс корпорацийн удирдлагуудыг хууль хяналтынхан баривчилсан үйл явдлууд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн. Худалдаа хөгжлийн банк, Монголын зэс корпораци энэ талаар удаа дараа мэдэгдэл гаргаж хууль зөрчөөгүй хэмээн мэдэгдэж байна.

Тэгвэл хамгийн сүүлд өчигдөр Монголын зэс корпорацийн гүйцэтгэх захирал Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ханджээ. Тэрээр Ерөнхий сайдтай уулзах хүсэлтэй байгаагаа хичээгүйлэн гуйсан байна. Хүсэлтийг сийрүүлбэл,

Монгол Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоолоор Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг хэлцэл хийж төрийн өмчид авах арга хэмжээг зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан.

УИХ-ын дээрх тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн хугацаанд хэд хэдэн тогтоол, шийдвэрийг гаргасныг шат шатны шүүхээр хууль бус болохыг нь тогтоогоод байгаа. Хамгийн сүүлийн байдлаар УДШ-ийн тогтоол 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гарч хуулийн хүчин төгөлдөр болсон. Тус тогтоолыг Засгийн газар болон түүний харъяа агентлагууд сайн дураар биелүүлээгүй тул гүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

Сүүлийн өдрүүдэд Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-иудын хувьцааг төрд шилжүүлэхтэй холбоотой УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэхээр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс 2019 оны 05/05 дугаар зөвлөмж, Засгийн газраас 91 дүгээр тогтоол гарган Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-иудад онцгой дэглэм тогтоолоо.

Дээрх нөхцөл байдал удаан үргэлжлэх нь хоёр үйлдвэрийн хэвийн тогтвортой ажиллагаа, цаашлаад Монгол Улсын эрх зүйт тогтолцооны хөгжил хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд харшилсан таагүй туршлагыг үлдээнэ.

Үүссэн асуудлыг дотооддоо шийдэж, хэлцлийн ширээний ард суух нь олон улсад Монгол Улсын нэр хүндийг өргөхөөс гадна Ростех улсын корпорацитай байгуулсан хэлцлийг Арбитрын шүүхэд аваачих сөрөг үр дагавраас сэргийлнэ. Манай компанийн зүгээс УИХ-ын 23 дугаар тогтоолтой холбоотой асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх хүсэлтээ удаа дараа илэрхийлсээр ирсэн бөгөөд тус байр суурь өнөөдөр ч хэвээрээ байгааг уламжилж байна.

Иймд үүссэн асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн дотооддоо шийдвэрлэх асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд Таньтай болон бусад албаны төлөөлөгчидтэй манай компанийн төлөөлөл албан ёсоор уулзалт хийх хүсэлтэй байгаа тул хүлээн авахыг хичээнгүйлэн хүсье гэжээ.

Эх сурвалж: news1.mn

SHARE