Шотландын түүхэн дэх хамгийн хэрцгий цуврал алуурчин шоронд нас баржээ

Шотландын түүхэн дэх хамгийн алдартай мөн хамгийн хэрцгий цуврал алуурчин Ангус Синклер 73 насандаа шоронд амьсгал хураажээ. Тэрээр сүүлийн хэдэн сарын хугацаанд хэд хэдэн удаа тархиндаа цус харвасан ажээ.

2014 онд Ангус Синклерийг Кристина Ида болон Хелен Скотт нарыг 1977 онд хэрцгийгээр хөнөөсөн хэргийнх нь улмаас 37 жилийн ял оноосон юм. Хүчиндүүлж хэрцгийгээр хөнөөгдсөн бүсгүйчүүдийн цогцсыг 1977 оны аравдугаар сарын 16-нд олсон ч олон жилийн турш хэрэгтнийг илрүүлж чадаагүй. 2007 онд Ангус Синклерийг сэжиглэн баривчилсан ч нотлох баримт хангалтгүй гэсэн үндэслэлээр суллаж байжээ.

1982 оноос хойш Ангус Синклер байнга шоронд хоригдож, 2002 онд суллагдсан байна. Үүнийхээ дараагаар дахин хэрэг үйлдэхэд нь ДНК-гийн шинжилгээ авч чаджээ. Ингэснээр түүнийг 1977 оны аллагыг үйлдснийг тогтоох боломж олдсон гэнэ.

Ангус Синклер 16 настайдаа хөрш айлынхаа найман настай охиныг хүчиндэж, хэрцгийгээр хөнөөсөн нь тогтоогдсон алуурчин юм. Түүнийг олон жилийн өмнөх цуврал аллагуудад сэжиглэдэг ч нотлох баримт хангалтгүй тул зөвхөн Кристина Ида болон Хелен Скотт нарыг хөнөөснийг нь нотолж, ял оноосон ажээ.

News1.mn Р.Гэгээ

 

 

SHARE