VAR-ийн хоосон өрөөнөөс Гвардиолагийн “Реал Мадрид”-д оруулсан хоёр гоолыг цуцлав

Испанийн Ла лигийн 27 дугаар тойргийн “Вальядолид”-“Реал Мадрид”-ын тоглолт 1:4-өөр өндөрлөлөө.

Мадридын баг өрсөлдөгчөө талбайд нь гурван гоолын зөрүүтэй хожсон ч Бразилын домогт Роналдогийн эзэн болон ерөнхийлөгчийн албыг нь давхар хашиж буй “Вальядолид”-ын хувьд багагүй асуудалтай тоглолт болж өнгөрөв.

Эхлээд “Хосе Коррилья” стадионы гэрэлтүүлэг хагас дутуу ажиллаж, тоглолтын өмнөхөн гэмтлийг засчээ.

Ингээд тоглолт эхэлж, талбайн эзэд пенальти цохих эрх авсан ч пенальти гүйцэтгэгч нь “шувуу буудчихав”. Үүний дараагаар “Вальядолид”-ын довтлогч Серхи Гвардиола хоёр гоол оруулсан ч шүүгч Хесус Хил Мансано VAR-ийн өрөөнөөс өгсөн зөвлөгөөгөөр хоёуланг нь отонд тооцон, цуцлалаа.

Эхний гоолыг орсон эсэхийг шалгах мөчид VAR-ийн өрөөг дэлгэцийн нэг буланд өгтөл гэрэл нь унтраастай хоосон байсан нь ярианы гол сэдэв болоод байна.

Өөрөөр хэлбэл, хоёр гоол хоёулаа отонгоос орсныг хүлээн зөвшөөрч болох ч VAR-ийн өрөө хоосон байтал шүүгч Мансано тэндээс хэнээс зөвлөгөө авч гоолуудыг цуцалсан нь тодорхойгүй байгаа юм.

Үүний дараагаар “Вальядолид”-ынхон санасандаа хүрч 29 дэх минутад Ануар отонгүйгээр гоол оруулж дөнгөлөө. Гэвч Варан 34 дэх минутад тэнцүүлж, дараа нь Бензема пенальти амжилттай цохиж, мөн дахин нэгийг хийсэн бол тоглолтын төгсгөлд “Алтан бөмбөг”-т Лука Модрич гоолоор цэгийг тавьсан.

“Энэ долоо хоног бидэнд их хэцүү байлаа. Энэ тоглолтын эхний 25 минут ч хэцүү туслаа. Гэхдээ манай багийнхан сэтгэлийн хүч гаргаж, мэргэжлийн хөлбөмбөгчийн үүргээ сайн гүйцэтгэлээ.

Гэмтэл бэртэл, амаргүй нөхцөл байдлыг бодолцон үзвэл өнөөдрийн тоглолтоор би бахархаж байна” хэмээн Мадридын багийн дасгалжуулагч Сантьяго Солари өгүүлжээ.

Вальядолид – Реал Мадрид 1:4

Гоол: Ануар 29, Варан 34, Бензема 51-пен, 59, Модрич 85

Вальядолид: Масип, Антоньито, Хоакин Фернандес, Калеро, Мартинес, Кеко (Чоп, 73), Мичел, Алькарас, Плано (Унал, 86), Ануар (Верде, 63), Серхи Гвардиола.
Реал Мадрид: Куртуа, Одриосола, Варан (Вальехо, 88), Начо, Регилон (Марсело, 89), Модрич, Каземиро, Кроос (Вальверде, 74), Асенсио, Бензема, Себальос.
Шар хуудас: Одриосола (12), Регилон (45), Мартинес (61), Куртуа (64), Каземиро (69), Марсело (90).
Улаан хуудас: Каземиро (80).

news1.mn Р.Гэгээ

 

SHARE