Хүмүүс нас барахынхаа өмнө нэг зүүдийг дараалан зүүдэлдгийг эрдэмтэд тогтоожээ

АНУ-ын Буффалогийн эрдэмтэн Кристофер Керр нарын зэрэг эрдэмтдийн багийнхан сүүлийн 10 жилийн хугацаанд хийсэн судалгааныхаа дүн дээр үндэслэн, хүмүүс нас барахынхаа өмнөх хоногуудад нэг зүүдийг дараалан зүүдэлдгийг тогтоосноо зарлалаа.

10 жилийн хугацаанд судалгаанд хамрагдсан 13 мянга гаруй хүн нас барсан бөгөөд тэдэн дээр хийсэн судалгааныхаа дүнг профессор Керр задалжээ. Түүний өгүүлснээр бол хүмүүс нас барахаасаа 21 хоногийн өмнөөс эхлэн нэг зүүдийг байн байн зүүдэлж эхэлдэг гэнэ.

Судалгаанд хамрагдагсдын 88 хувь нь маш тод хурц өнгийн зүүд зүүдэлснээ дурьджээ. Мөн 72 хувь нь ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн гэр бүлийнхэн болон төрөл садангаа зүүдэндээ харж, тэдэнтэйгээ уулзаж ярилцсанаа буйгаа дурьдаж байжээ. 59 хувь нь ямар нэгэн тасалбар худалдан авч, чемодан цүнхээ зэхэж буйгаар зүүдэлжээ.

Харин хүүхдүүд ихэвчлэн хайртай гэрийн тэжээвэр амьтнаа юмуу сайн танихгүй хэн нэгнийг зүүдэлснээ ярьж байж. Ертөнцөөс явах өдөр хоногууд улам ойртох тусам зүүд улам хурц тод болж байсан гэнэ.

Кристофер Керрийн багийнхан зүүд хурц тод болж, давтамж нь ойртдгийн нууцыг тайлж чадаагүйгээ мэдэгдээд тархинд өөрчлөлт ордогтой холбоотой байж магадгүй гэж тайлбарласан байна.  Харин тэр давтагдах зүүд нь хүмүүсийг эцсийн замдаа одохын өмнө тайвруулж, үхлээс айх айдсыг намжаадаг бололтой.

News1.mn Р.Гэгээ

 

 

SHARE