Серхио Рамос Аваргуудын лигийн хоёр тоглолтод оролцох эрхгүй болов

Европын Хөлбөмбөгийн Холбооны Сахилга батын Хорооны шийдвэрээр Испанийн “Реал Мадрид”-ын ахлагч, хамгаалагч Серхио Рамосын ойрын хоёр тоглолтод оролцох эрхийг хасчээ.

Тэрбээр Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн эхний тоглолтын төгсгөлд Голландын “Аякс”-ын довтлогч Каспер Дольберг дээр алдаа гаргаж шар хуудас авснаар хариу тоглолтод оролцох боломжгүй болсон юм. Энэ үйлдлийг ЕХХ-ны Сахилга батын Хороо хянаж үзээд санаатайгаар хуудас авч, шөвгийн наймын өмнө хуудсаа тэглэсэнд тооцож нэг тоглолт дээр нь нэмж нэг тоглолт өнжүүлэхээр болсон байна.

Ингэснээр Серхио Рамос шөвгийн 16-гийн хариу тоглолтыг өнжихөөс гадна хэрвээ баг нь шөвгийн наймд шалгарвал эхний тоглолтыг мөн өнжихөөр боллоо.

News1.mn Р.Гэгээ

SHARE