Ш.Галтбадрах: Нурангид 2 хүн дарагдсан нь тодорхой байна

Заамар сумын нутаг дэвсгэрт алт олборлож байсан Эко Алтан Заамар компанийн уурхайн хана нурж жолооч нар амиа алдсан ноцтой осол гарсныг бид өмнө нь мэдээлсэн. Ослын талаар Заамар сумын ИТХ-ын дарга Ш.Галтбадрахаас тодрууллаа.

-Заамар суманд уурхайн ноцтой осол гарсан байна. Та бүхэнд ямар мэдээлэл байна?

-Тийм байна. “Эко Алтан Заамар” компанийн карьерын хана нурсан мэдээллийг бид дөнгөж сая авлаа.

-Осол гараад тодорхой хугацаа өнгөрсөн бололтой. Та бүхэн одоо л мэдэж байна уу?

-Сумынханд мэдэгдэхгүйгээр тас нуусан байна. Аймгийн онцгой байдал ч мэдээгүй байж. Гэтэл Улаанбаатараас Онцгой байдлын ерөнхий газраас аймгийн Онцгой байдал руу ярьж мэдээлсэн байна. Цагдаа ч мэдээгүй. Одоо л дөнгөж аймгийн цагдаа, мэргэжлийн хяналтынхан ослын газарт очиж байгаа юм байна.

-Карьерын хана нурсан гэдгийг тодруулахгүй юу?

-Уурхайн хана гэж 70, 80 метрийн гүнд машинаар тээвэр хийж байгаа. Тэр өндөр хана нурсан гэсэн үг. Гүнд тээвэр хийж байсан жолооч нар дарагдсан байна. Үүнийг бид дөнгөж сая мэдлээ.

-Хэчнээн хүн осолдсон бэ?

-Энэ тухай нарийн мэдээлэл алга. Ямартаа ч 2 хүн дарагдсан нь тодорхой байна. Албан бус мэдээллээр бол 10 орчим машин гэж байна. Компанийн зүгээс ослыг нууж ажилтнуудын утсыг хураасан байна.

-Сумын зүгээс ямар арга хэмжээ авч байна?

-Яг одоо манай байгаль орчны байцаагч хэсгийн төлөөлөгчийн хамт ослын газар руу гарч байна.

-Уурхайд хэчнээн хүн ажиллаж байсныг мэдэх үү?

-Эко Алтан Заамар компани Заамарт 3 лицензтэй. Нийт ажилчид гэвэл 800 орчим. Осол гарсан уурхайд 200 орчим ажилчин ажиллаж байсан болов уу.

-Энэ компанийн уурхайд өмнө нь бас ийм осол гарч байсан гэв үү?

-Тийм. Нэг жолооч хүнд даацын машинд дайруулж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Түүнээс гадна Туул эрэг дагуу алт олборлосон хэргээр Захиргааны хэргийн шүүх дээр маргаантай явж байгаа компани.

Эх сурвалж: news1.mn Б.ЗАЯА

SHARE