Садио Манэгийн гоёмсог гоол ба Премьер лигийн эхний зургаа

Хөлбөмбөгийн хорхойтнуудыг баясгасан гоёмсог гоолыг Английн “Ливерпүүл”-ийн сенегал залуу Садио Манэ “Уотфорд”-ын хаалганд орууллаа. Тэрбээр эхлээд мөргөж гоол оруулсан бол хоёр дахь гоолоо өсгийлдөж хийсэн юм.


“Уотфорд”-ын хаалгач Бен Фостер өөр рүү нь дөхөх үед бөмбөгөө газарт ойлгож өсгийлдөөд гоёмсог гоол орууллаа. Энэ тоглолтод “Ливерпүүл” өрсөлдөгчөө 5:0-ээр бут ниргэлээ. Өнгөрсөн улиралд мөн л талбайдаа “Уотфорд”-ыг 5:0-ээр хожиж байснаа ийнхүү дахин давтав. Гэхдээ тухайн тоглолтод Мохамед Салах покер хийж гайхуулсан бол энэ удаад Садио Манэгаас гадна Виргил Ван Дейк дубль хийлээ.

Ийнхүү “Улаанууд” Премьер лигийн магнайд 69 оноотойгоор бичигдэж байна. Харин “Сити” тэднээс ердөө ганц онооны дутуугаар аман хүзүүнд яваа билээ. Гвардиолагийн багийнхан энэ тойрогт “Вест Хэм”-ийг Серхио Агуэрогийн амжилттай гүйцэтгэсэн пенальтиар 1:0-ээр хожсон юм.

Харин гуравдугаар байрт яваа “Тоттенхэм”-ийнхэн “Челси”-гийн талбайд зочлон 2:0-ээр хожигдсоноор ардаа яваа багуудад оноогоор ойртох боломжийг олголоо. Ирэх тойрогт тэднийг дөрөвдүгээр байрт бичигдэж буй “Арсенал” талбайдаа хүлээж байгаа.

“Челси”-гийн ахлах дасгалжуулагч Маурицио Сарри маш ойлгомжтой шалтгаанаар Кепа Аррасибалагаг сэлгээнд суулгаж, аргентин хаалгач Вилли Кабальерог гараанд гаргасан юм.

“Энэ бол тоглогчдодоо өгч буй сануулга. “Челси” бол тус тусдаа 25 хөлбөмбөгч бус нэг баг” гэж Сарри шийдвэрээ тайлбарлажээ.

Кепа Аррасибалага Английн Лигийн цомын финалд сэлгээнд суухаас татгалзаж, хөлбөмбөгийн талбайд маш ховор үзэгддэг хэт хувиа хичээсэн ядмаг үйлдэл гаргасныхаа шанг ийнхүү хүртэж байна.

“Арсенал” талбайдаа “Борнмут”-ыг 5:1-ээр бут ниргэлээ. Сүүлийн үед шүүмжлэлийн бай болчихоод буй герман хагас хамгаалагч Месут Озил эхний гоолыг оруулахын зэрэгцээ мөн гоолын дамжуулалт өгч багийнхаа хожилд чухал үүрэг гүйцэтгэлээ.

“Манчестер Юнайтед”-ынхан “Кристал Пэлас”-ын талбайд зочлон 1:3-аар хожлоо. Нэгдүгээр багийн есөн хөлбөмбөгч нь гэмтэлтэй байгаа тул энэ удаад академийнхаа хоёр залууг сэлгээний сандалд суулгасан байв. Үүнээс 17 настай Жеймс Гарнерийг тоглолтын төгсгөлд талбайд гаргаж, хөлбөмбөгч нэгдүгээр багт анхныхаа тоглолтыг хийлээ.

“Манчестер Юнайтед” Оле Гуннар Сульшерийн удирдлага дор  зочилсон найман тоглолтод дараалан ялалт байгуулсан үзүүлэлттэй явна. Тэд тавдугаар байрт бичигдэж байгаа юм. Гэхдээ зургаадугаар байрт яваа “Челси” нэг тоглолтоор дутуу гэдгийг сануулах нь зөв биз ээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE