Мбаппе: Одоо бид “Лион”-ыг дэмжинэ

Аваргуудын лигийн шөвгийн 16-д Английн “Манчестер Юнайтед”-ыг Францын аварга “ПСЖ” талбайд нь 0:2-оор хожлоо. Энэ нь Оле Гуннар Сульшер удирдснаас хойшхи /10 хожил, 1 тэнцээ/ “Улаан чөтгөрүүд”-ийн эхний хожигдол болсон юм. Тус тоглолтод дэлхийн аварга Килиан Мбаппе хоёр дахь гоолыг оруулсан. Килиан Мбаппе тоглолтын дараагаар ийн өгүүлжээ.

“Бид маш сайн үр дүнд хүрлээ. Хасагдах шатанд ийм дүнд хүрнэ гэдэг маш сайн хэрэг. Тоглолтын чанарт ч сэтгэл дүүрэн байна. Гэхдээ дөнгөж эхний үе өндөрлөсөн гэдгийг мартах ёсгүй.

Өнөөдөр бид сүүлчийн 20 минутад их цуцаж ядарлаа. Цаашид үүндээ анхаарах хэрэгтэй. Одоо бидэнд хариу тоглолтод бэлдэх 21 хоногийн хугацаа байна.

Тоглолтын хувилбарын тухайд бол бид шинэ маягаар тоглолоо. Олон довтлогчгүй харин олон хагас хамгаалагчтайгаар талбайд гарлаа. Тиймээс үүнд дасан зохицоход тодорхой хугацаа шаардагдлаа. Өнөөдөр бид хоёрдугаар үед энэ улирлын магадгүй хамгийн сайн тоглолтоо гаргалаа. Манчестерийнхан талбайдаа гоол оруулахыг их хүссэн.

Харин би тоог 0:2 болгож, бүх зүйл сайхан дууслаа. Гэвч гурав дахь гоолыг хийх боломжийг алдсандаа сэтгэл бага зэрэг гонсгор байна. Бөмбөгийг хаалганд орчихлоо л гэж бодсон юм. Одоо хариу тоглолтод сайн бэлдэж, дахин гоол оруулахыг хичээнэ.

Неймар, Кавани байхгүй гэж хүмүүс бидний өмнөөс айх хэрэггүй. Айлгүй харин дэмжих хэрэгтэй. Ирэх долоо хоногт бид Аваргуудын лигт “Лион”-ыг дэмжих болно. Францын багууд аль болох сайн тоглох ёстой. Францын багууд хангалттай хүчтэй учраас айх эргэлзэх хэрэггүй” хэмээн Мбаппе өгүүлжээ.

news1.mn Р.Гэгээ

SHARE