МЮ-ПСЖ: Тоглолтын өмнөх яриа

Европын Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн тоглолтууд өнөө шөнө Улаанбаатарын цагаар 04:00-д эхлэх гэж байна. Английн “Манчестер Юнайтед” талбайдаа Францын аварга “Парис Сен-Жермейн”-ийг хүлээн авах болно.

Хөлбөмбөгийн хорхойтнуудын мэдэж буйгаар энэ тоглолтод дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч Неймар гэмтлийн улмаас оролцох боломжгүй болсон. Мөн Парисын багийн үзүүрийн довтлогч Эдинсон Кавани хэдхэн хоногийн өмнө “Бордо”-гийн эсрэг тоглолтын үеэр гэмтснээр тоглолтыг өнжих тухай дасгалжуулагч Томас Тухель мэдэгдсэн юм.

Үүнээс гадна хамгаалагч Тома Менье мөн “Бордо”-той тоглохдоо гэмтсэн. Харин итали хагас хамгаалагч Марко Верраттигийн гэмтэл эдгэж, багийнхаа бэлтгэлд нэгджээ.

“Манчестер Юнайтед”-ын хувьд Антонио Валенсиа бага зэргийн гэмтэлтэй байгаа гэсэн мэдээ цацагдсан.

Одоо хоёр багийн дасгалжуулагчдын ярианд анхаарлаа хандуулья.

“ПСЖ”-ийн дасгалжуулагч Томас Тухелиэс өрсөлдөгч багийнх нь шинэ дасгалжуулагчийн амжилтын талаар асуухад “Сульшерийг ирэхээс өмнөх болон ирсний дараахь үйл явдлуудыг би нарийн сайн мэдэхгүй. Тэгэхээр надад хэлж чадах юм алга. Германд нэг мэргэн үг байдаг юм. “Эмч чамайг эмчилж чадсан л бол яаж эмчилсэн нь чухал биш” гэж. Сульшер өөрөө их аюултай довтлогч байсан. “Манчестер Юнайтед”-тай олон удаа ялалт байгуулаад сурчихсан хүн. Одоо дасгалжуулагч болоод ч үүнийгээ л үргэлжлүүлж байна. Бидний хувьд бол энэ том сорилт. Гэхдээ тоглолтын дараа л үр дүн тодорхой болно.

Аваргуудын лиг, “Манчестер Юнайтед” гэх хоёр нэр бол холбоо үгс юм. Тэд маш туршлагатай баг. Бидэнд тэднийх шиг түүх байхгүй.

Гэвч бид нэгдмэл нэг баг шиг тоглож чаддаг. “Ливерпүүл”, “Црвена Звезда”-г хожсон тэр сэтгэлзүйгээрээ бид талбайд гарна. “Манчестер Юнайтед”-тай чухал тоглолт хийх болсондоо баяртай яваа” хэмээн өгүүлжээ.

Харин “Манчестер Юнайтед”-ын дасгалжуулагч Оле Гуннар Сульшер “Ойрын үед бид хэд хэдэн чухал тоглолттой. Гэхдээ цаг хугацаанаасаа түрүүлж сэтгээд яахав. Цагийн юм цагтаа л болно. Дараахь тоглолтуудыг бодоод байвал өмнөх тоглолтдоо бүрэн анхаарч чадахгүй шүү дээ.

Аваргуудын лигийн оройг манай фанатууд болон хөлбөмбөгчид тэсэн ядан хүлээлээ. Залуус маань тоглолтыг зоригтой шийдэмгий эхлүүлж, хожоосой гэж би хүснэ.

Чухал тоглогчдоо алдсан баг улам таамаглашгүй болдог талтай. “ПСЖ” яг ийм байдалтай байгаа. Гэхдээ бидэнд өрсөлдөгчийн талаар ерөнхий таамаг бий. Бид форм сайтай байгаа. Мөн багаараа нэгдмэл байж, нэг нэгийгээ нөхөж тоглож чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Бид том тоглолт хийх хамгийн таатай үе дээрээ байна.

Миний хамгийн сүүлийн Европын цомын тоглолт бол талбайдаа “Рома”-г 7:1-ээр хожсон нь. Энэ бол “Олд Траффорд”-д дахь жирийн өдрүүдийн нэг. Бид эхлээд “Рома”-гийн талбайд 1:2-оор хожигдсон юм. Харин талбайдаа олон гоолоор хожиход дасгалжуулагч их баярласан. Манай залуус “ПСЖ”-ийн эсрэг өөртөө итгэлтэй гарч, таашаал мэдрээсэй гэж хүсч байна” хэмээн өгүүлсэн юм.

News1.mn Р.Гэгээ

SHARE