МАН-ынхан “улаан туг”-аа унагаад, оронд нь “цагаан туг”-аа залах гэж байна

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн зунаы наадмаас эхлээд УИХ-ын дарга М.Энхболдыг унагах ажиллагааг эхлүүлсэн. Улмаар 40-үүлээ болж аваад энэ сар шинийн баярын өмнөхөн, уржигдар /2019.1.29./ унагаалаа.

Одоо оронд нь хэнийг УИХ-ын дарга болгох вэ гээд алалцаж байна.

УИХ-ын дараагийн даргыг тодруулах дээр 60 тэрбум, ЖДҮ гээд хуваагдчихсан, тэр нь МАН-ын ахмадууд, 70-аад оныхон хоёр тал болчихсон, дээрээс нь тэдгээр гишүүд дотроо нэр зааж заамдалцаад сүйд болж байгаа мэдээлэл бий.

Ингэсээр эцсийн бүлэгт Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболд дундуур нь “гүйгээд” гараад ирэхээр болж байгаа аж.

Ямар ч асуудлын төвд тоглодоггүй. Ил гардаггүй. Дандаа далд тоглодог Сү.Батболд УИХ-ын дараагийн дарга болох маш өндөр болжээ.

Гэтэл өнөөх Сү.Батболд нь МАН-д асар том хар толбо үлдээсэн байдаг юм. Үүнийг гишүүд, МАН-ын удирдлагын зарим нөхөд ярьж байгаа ч далдуур хийсэн өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх ажиллагаа нь газар аваад байгааг эх сурвалжууд хэлж байна.

Нэгэнт нэр дэвшиж гарч ирээд МАН-ын Удирдах зөвлөл батлаад явчихвал араас нь мянган асуудал яриад нэмэргүй гэдгийг ч ярьж байна.

Уг нь хоёр хоногийн өмнө УИХ-ын даргаас чөлөөлөгдсөн М.Энхболд бол 2016 онд МАН-д үнэмлэхүй ялалт авчирсан намын дарга юм.

Харин Сү.Батболд бол 2008 онд Стандарт бус Засгийн газар байгуулж өгөөд яваад өгсөн С.Баяраас Ерөнхий сайд, МАН-ын даргын суудлыг “бэлэг”-нд авсан хүн. Улмаар түүний удирдсан МАН 2012 оны сонгуульд навс ялагдаж, УИХ-д бүлэгтэй л үлдэж байв.

Түүнээс гадна Сү.Батболд оффшорын асуудалд нэр холбогдсон улстөрч. Мөн түүний тэргүүлсэн Засгийн газрын үед Чалькогийн өр гээч тавигдаж, МАН-ын нэр хүнд 2012-2016 сонгуульт хугацаанд мөн ч их нүдүүлсэн. Улс бас хохирсон.

Эдгээр нь Сү.Батболд дахин Монголын төрийн өндөр дээд албан тушаал хаших боломжийг хаах ёс суртахууны болоод бусад зөрчил юм.

Товчхондоо, МАН-ынхан М.Энхболд хэмээх “улаан туг”-аа унагаагаад, оронд нь “цагаан туг”-аа залах гэж байна гэсэн үг.

Эх сурвалж: www.news1.mn Д.Бат-Очир

SHARE