Тамаваши Б.Мөнх-Оргил Хацу башёд түрүүллээ

Японы мэргэжлийн сумогийн Хацу башёд Тамаваши Б.Мөнх-Оргил 13 даваа, хоёр унаатайгаар түрүүллээ. Тэрбээр сүүлийн өдрийн барилдаанд Эндог давснаар ийнхүү сумогоор олон жил хичээллэж зүтгэсний үр шимээ хүртлээ.

Мөн түүний түрүү хүртсэн энэ өдөр эхнэр нь амаржиж, хүү төрүүлсэн баярт мэдээ түгж, давхар баяр тохиолоо.

Тамаваши энэ сарын башёд сэкиваке цолтойгоор боссон. Ийнхүү тэрбээр Японы Эзэн хааны цомыг гардсан долоо дахь монгол бөх боллоо.

Түүнээс өмнө Асашёорюү Д.Дагвадорж, Хакухо М.Даваажаргал, Харумафүжи Д.Бямбадорж, Какурюү М.Ананд, Кёкүтэнхо Н.Цэвэгням, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар Японы Эзэн хааны цомыг хүртсэн билээ.

Тамаваши Батжаргалын Мөнх-Оргилын тухай цухас өгүүлье. 1984 оны арваннэгдүгээр сарын 16-нд төрсөн. Аав ээж нь хоёулаа багш. Аав нь шугам зургийн багш бол ээж нь гадаад оюутнуудын монгол хэлний багш.

Эгч нь Японд суралцаж байхдаа том биетэй дүүгээ Токиод аваачиж, сумогийн сургуульд оруулах боломж хайн Рёгокү ордны дэргэд явж байгаад Какурюү М.Анандтай санаандгүй таарахад Кёкүшюүзан Д.Батбаяртай холбогдохыг зөвлөсөн гэдэг. Ингээд Кёкүшюүзан бие хаа сайтай хүүг Китаноуми дэвжээнд оруулсан байна.Нэгэнтээ сумог ирээдүйгээ гэж шийдсэн тул Б.Мөнх-Оргил Улаанбаатарын их сургуульд зочид буудлын менежмэнтийн чиглэлээр суралцаж байснаа орхиж, Тамаваши нэртэйгээр барилдах болсон юм.

2004 онд мэргэжлийн сумод анх хөл тавьж, дөрвөн жилийн дараагаар Макүүчи зиндаанд дэвшсэн. Үүнээс хойш хоёр удаа Жюүрёо зиндаа руу унасан ч дараахь башёгоос нь дахин Макүүчид гарч ирсэн юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд саньякү цол дээр тогтмол сайн барилдаж, 30 гарсан хойноо бяр хүч, ур ухаан нь улам нэмэгдэн амжилт гаргасаар ийнхүү 2019 оны Хацу башёд түрүүллээ.

Тамаваши Б.Мөнх-Оргилын энэ сарын барилдаануудыг толилуулья.
Эхний өдөр Шокозан

Хоёр дахь өдөр Шодай

Гурав дахь өдөр Такакэйшо

Дөрөв дэх өдөр Точиношин

Тав дахь өдөр Митакеуми

Зургаа дахь өдөр Ичиножо

Долоо дахь өдөр Точиозан

Найм дахь өдөр Гоэйдо

Ес дэх өдөр Такаясү

Арав дахь өдөр Нишигики

11 дэх өдөр Котошогикү

12 дахь өдөр Хакухо

13 дахь өдөр Хокутофүжи

14 дэх өдөр Аоияма

15 дахь өдөр Эндо

Хацу башёгийн Макүүчи, Жюүрёо зиндааны дүн:

news1.mn Р.Гэгээ

SHARE