Сарри: Мората явья гэсэн болохоор л Игуаиныг авсан

Английн “Челси” 31 настай аргентин довтлогч Гонсало Игуаиныг Италийн “Ювентус”-аас улирал дуустал зээллэгээр авлаа. Лондоны багийн дасгалжуулагч Маурицио Сарри “Наполи”-д хамтдаа ажиллаж байсан Гонсало Игуаиныг авахыг хүссэн тул Альваро Мората “Атлетико Мадрид” руу явахаар болж буй мэтээр эхэндээ мэдээ түгсэн. Гэвч Маурицио Сарри үүний яг эсрэг зүйлийг ярьжээ.

“Мората бол их сайн довтлогч. Манай багт түүнд тоглох чадвар, зай бий. Гэвч сарын өмнө өөр багт очихыг хүсч буйгаа надад дуулгасан. Тэгэхээр нэгэнт өөр багт очихыг хүсч буй хүн манай багийн төлөө өөрийгөө 100 хувь дайчлах хэцүү нь ойлгомжтой.

Ингээд бид өөр довтлогч хайх ёстой болсон юм. Манай багт гоол оруулах хүн үгүйлэгдэж байгаа тул улиралдаа 25-30 гоол оруулчихдаг Игуаиныг онилсон. Өвлийн наймааны цонхоор өндөр зэрэглэлийн тоглогч авах маш хэцүү байдаг. Харин азаар Игуаиныг авах боломж гарч ирсэн болохоор бид хөөцөлдсөн юм” хэмээн Сарри өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE