“Жонни Деппээс их мөнгө авч салахын тулд Амбер Херд зодуулсан болж жүжиглэсэн”

Жонни Депп хэдэн жилийн өмнө эхнэр хүүхдээ орхин залуу од Амбер Хердтэй дэр нэгтгэсэн. Бисексуал гэдгээ нуудаггүй Амбер Хердтэй Жонни Депп удаан жаргалтай амьдарч чадсангүй. Удалгүй л асуудлууд дэлгэгдэж, Амбер Херд олны нийтийн сүлжээнд зодуулсан гэх баримт болгон гэрэл зургууд нийтэлж эхэлсэн. Үүгээр тэдний гэр бүлээ цуцлуулах “ажиллагаа” эхэлсэн гэж хэлж болно.

Эхлээд шүүх Амбер Хердэд итгэн Жонни Деппийг жүжигчин бүсгүйд 90 метрээс илүү ойртохыг хориглосон шийдвэр гаргасан юм. Үүний дараагаар Амбер Херд гэр бүлээ цуцлуулахаар өргөдлөө өгсөн. Удалгүй Их Британийн The Sun жүжигчин бүсгүйн зодуулсан гэх гэрэл зургуудыг нийтэлж, Жонни Деппийг гэр бүлийн хүчирхийлэлд буруутгалаа.

Жонни Депп үүнийг хүлцэн тэвчилгүй The Sun-ийг шүүхэд өгч, өөрийгөө гэм буруугүй гэдгийг нотлохыг хүссэн. Тэгвэл уржигдар Жонни Депп өөрийгөө гэм буруугүйг нотлох хэд хэдэн баримтуудыг шүүхэд өгчээ.

“Саявтархан бид Зүүн Колумбын хяналтын камерийн хэдэн арван бичлэгийг хүлээж авлаа. Мөн гэрчүүдийн мэдүүлэг дээр үндэслэн Амбер Херд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн мэт харагдахын тулд хуурамч баримтууд бэлдсэн нь нотлогдож байна. Хердийн энэ хуурамч баримтууд дээр үндэслэн нийтлэл хүргэсэн The Sun ч тэгэхээр буруутаж таарна” хэмээн Жонни Деппийн өмгөөлөгч мэдэгджээ.

Нүүр рүү гар утас шидэж, дараа нь зодсон гэж мэдүүлсэн өдөр цагдаа нар Жонни Деппийн гэрт очиж шалгахад Амбер Херд өөрөө “Энд юу ч болоогүй” хэмээн хариулж, нүүрэнд нь элдэв шарх байгаагүй ажээ. Мөн хөршүүдийнх нь мэдэгдснээр тухайн өдөр Амбер Хердийн нүүр царай зүгээр байсан. Харин долоо хоногийн дараагаар нүүр нь хөхөрч хавдсан харагдсан гэж мэдүүлсэн байна.  Үүнийг Жонни Деппийн өмгөөлөгч тайлбарлахдаа “Амбер Херд ахиу мөнгө авч салахын тулд гэр бүлийн хүчирхийлэл гэх үлгэр зохиосон” гэж мэдэгдлээ.

“Би өөрийнхөө намтрыг бичихээр өглөө бүр суухдаа архи залгилдаг болсон. Дэвтрийн хуудсыг харж чадахгүй болтол нүдэнд нулимс цийлэгнэтэл би бичсээр л суудаг. Яагаад тэр надад ингэж хандсаныг огт ойлгодоггүй” хэмээн Жонни Депп өгүүлжээ.

Жонни Депп Амбер Херд хоёр 2011 онд “Ромын өдрийн тэмдэглэл” кинонд хамтран тоглохдоо танилцаж, дотно харилцаатай болсон гэдэг. Тэд 2015 онд гэрлэж, харин 15 сарын дараагаар Амбер Херд гэр бүлээ цуцлуулах өргөдлөө өгсөн юм.

News1.mn Р.Гэгээ

 

 

SHARE