Хүнд өвчтэй бүсгүйг хүчиндэж жирэмслүүлсэн этгээдийг баривчлав

АНУ-ын Аризона мужийн Финикс хотын Hacienda Healthcare эрүүл мэндийн төвд 10 жилийн турш хэвтэн эмчлүүлж буй индиан гаралтай бүсгүй хүүхэд төрүүлсэн явдал томоохон шуугиан дэгдээсэн. Өвчтний биеэ хамгаалах чадваргүй байдлыг ашиглаж хүчиндэж жирэмсэн болгосон этгээдийг олохоор цагдаа нар шуурхай ажилласны дүнд 36 настай Натан Сазерлэнд гэгчийг баривчилжээ.

Натан Садерлэнд нь тус эмнэлэгт 2011 оноос хойш ажиллаж буй юм байна. ДНК-гийн шинжилгээгээр эмэгтэйгээс төрсөн хүүхдийн эцэг нь Натан Садерлэнд болох нь хөдөлбөргүй нотлогдсон байна.

Натан Садерлэндэд хүчингийн хэрэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хүчирхийлсэн зэрэг хэд хэдэн зүйл ангиар ял тулгах аж.

Тус хэрэг гарснаас хойш Hacienda Healthcare-ий захирал Билл Тиммонс өөрийн хүсэлтээр ажлаа өгсний зэрэгцээ өвчтнийг хариуцсан хоёр эмч мөн ажлаасаа гарчээ.

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 29-нд сүүлийн 10 жилийн турш эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 29 настай бүсгүй  хүүхэд төрүүлсэн юм.  Тэрбээр 19 настайдаа тархиндаа хүнд гэмтэл авсан тул зөвхөн хуруу гарын үзүүр, толгой, хүзүү нь л хөдлөх боломжтойгоос гадна дуу чимээнд хариу реакц л үзүүлж чаддаг ажээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE