Венесуэлд хувьсгал гарч, сөрөг хүчний тэргүүн өөрийгөө Ерөнхийлөгчөөр зарлалаа

Венесуэл улсад хэдэн сарын турш үргэлжилсэн жагсаал хувьсгал болон өргөжиж, сөрөг хүчний тэргүүн, парламентийн дарга Хуан Гуаидо өөрийгөө түр хугацааны Ерөнхийлөгчөөр зарлалаа. Хуан Гуаидо Зэвсэгт хүчний дэмжлэг дор Ерөнхийлөгчийн сонгууль явуулна гэж мэдэгдээд байна.

Венесуэлийн Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон Николас Мадуро өнгөрсөн нэгдүгээр сарын 10-нд улсынхаа парламентад бус харин Дээд шүүхийн танхимд Ерөнхийлөгчийн тангаргаа өргөсөн юм. Венесуэлийн парламентад сөрөг хүчин дийлэнх тул Николас Мадуро ийм алхам хийсэн ажээ.

Олон сарын турш Венесуэл эдийн засгийн хувьд маш хүнд байдалд орж, жагсаал цуглаан, эмх замбараагүй байдал гаарч, ард иргэдийн амьдрал эрс дорджээ.

Хуан Гуаидог АНУ дэмжиж буйн зэрэгцээ Аргентин, Бразил, Канад, Колумб, Парагвай, Перу, Чили зэрэг улсууд мөн дэмжиж буйгаа илэрхийлсэн. Тэгвэл Николас Мадурог Венесуэлийн хууль ёсны Ерөнхийлөгч гэж үзэж буй улс орнууд ч бий. Үүнд, ОХУ, Боливи зэрэг улсууд багтаж байна.

Николас Мадуро нь АНУ-ын эсрэг үзэлтэн. Тэрбээр Хуан Гуаидог АНУ ивээн тэтгэдэг тухай мэдэгдээд АНУ-ын димломатуудыг ойрын 72 цагийн хугацаанд эх орноосоо гарахыг шаардсан юм. Мөн тэрбээр эмх замбараагүй байдал үүссэн энэ үед Зэвсэгт хүчин нь түүний талд байна гэдэг итгэж буйгаа илэрхийлжээ.

Мадуро Гуаидо гэх зэрэг тодорсон хоёр Ерөнхийлөгчийн талынхны жагсаал Венесуэлийн нийслэл Каракаст болж, хоорондоо мөргөлдөж, дөрвөн хүн амь үрэгдээд байна.

news1.mn Р.Гэгээ

 

 

SHARE