Худагт унасан хоёр настай хүүг аврах ажиллагаа 10 хоног үргэлжилж байна

Испанийн Малага хотноо худагт унасан хүүг аврах ажиллагаа 10 дахь хоногтоо үргэлжилж байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын 13-нд эцэг эхтэйгээ зугаалж явсан хоёр настай хүү гэнэт алга болжээ. Тэр даруй олон хүн зэрэг хайхад нэгэн гүнзгий худгийн аман дээр хүүгийн идэж явсан амттан байсан гэнэ. Мөн худгийн аман дээр наалдсан үс нь ДНК-гийн шинжилгээгээр хүүгийнх гэдэг нь тогтоогджээ.

Гэвч худгийн гүн 100 метр, харин өргөн нь ердөө 25 сантиметр тул аврагчид орох ямар ч боломжгүй. Иймээс эхлээд роботын тусламжтайгаар камер худгийн гүн рүү оруулах гэсэн ч 70 метр доошлоод цааш ахиж чадаагүй гэнэ. Үүний дараагаар босоо хонгил өрөмдөж эхэлсэн ч газрын хөрсний онцлогоос шалтгаалан гүнзгий ухах боломжгүй болсон байна.

Дараагаар нь хүүг 100 метрийн гүнд унасан гэж тооцон хажуу талд нь тийм хэмжээний гүн сэтэлж хөндлөн хонгил өрөмдөж эхэлжээ. Нийтдээ 60 метр хөндлөн хонгил ухах ёстойгоос одоогоор 45 метрийг нь өрөмдчихөөд байгаа юм байна.

Өндрөөс худгийн гүн рүү унаж, 10 орчим хонож буй хүүг амьд байгаа гэж найдахад бэрх. Гэвч хүүгийн эцэг эх найдлага тавин хүлээж буй гэнэ. Тэд өнгөрсөн жил гурван настай хүүгээ мөн алдсан ажээ.

“Нойр, хоол, ядралт хамаагүй. Бидний ганц зорилго бол аль болох хурдан Хулен хүүд хүрэх явдал. Тэр бол бид бүгдийн л хүү” гэж аврах ажиллагааг ахлаж буй Анхель Гарсиа Видаль өгүүлсэн байна.

News1.mn Р.Гэгээ

SHARE