Агаарын бохирдлын асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол явуулахаар болжээ

Ерөнхийлөгчийн Тамгын газраас агаарын бохирдлын асуудлаар явагдах Ерөнхий хяналтын сонсголд оролцох иргэдийг бүртгэж эхэлжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод 2018 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр хүргүүлсэн юм. Тус албан бичигт “…Эрүүл аюулгүй орчинд амьдрах иргэний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа агаарын бохирдлын асуудлаар төрийн эрх бүхий байгууллагууд чамгүй олон шийдвэрийг гаргаж, татвар төлөгчдийн мөнгийг зарцуулсаар /2008-2016 оны хооронд 550 орчим тэрбум төгрөг зарцуулсан гэх тооцоо судалгаа байдаг/ ирсэн боловч бодит үр дүн, ахиц дэвшил мэдрэгддэггүй, гамшгийн нөхцөл байдал хэвээрээ, хор уршиг, хохирол нь улам нэмэгдэж, дордсоор байгаа бөгөөд үүнийг утаа, гамшгаар бизнес хийдэг хэсэг бүлэг этгээд, тэдгээрийг дэмжин өөгшүүлдэг төрийн байгууллага, албан тушаалтнуудын хариуцлагагүй үйл ажиллагаатай шууд холбон дүгнэж болохоор байна…” хэмээн агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнд төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалт, үр дүнг тодруулах зорилгоор ерөнхий хяналтын сонсгол явуулах хүсэлт гаргаад байсан юм.

Нийтийн сонсголын тухай хуулийн 8 дугаар зүйлд Ерөнхийлөгч хүсэлт гаргасан тохиолдолд ерөнхий хяналтын сонсголыг заавал явуулна гэж заасны дагуу УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх зорилгоор Ерөнхий хяналтын сонсгол явуулах өдрийг энэ сарын 30-ны өдрөөр товложээ.

Эх сурвалж: news1.mn Б.ЭНХ

 

 

 

 

SHARE