Зодуулсан ч гэсэн хөлбөмбөгчийн замналыг нь бодоод цагдаад мэдэгдээгүй!

Оросын нэрт хөлбөмбөгч Андрей Аршавины гурван хүүхдийн эх, телевизийн хөтлөгч Юлия Барановская намтар номоо гаргасан нь ихээхэн дуулиан тариад байна.

Аршавинтай есөн жил хамтран амьдарсан Барановская байнга зодуулж, дээрэлхүүлж, бүр хүчиндүүлснээ хүртэл намтар номдоо илэн далангүй бичжээ.

Номд өгүүлснээр бол Андрей Аршавин эхнэрээ байнга хуурдаг байсан гэнэ. Үүнийг нь Барановская мэддэг ч хүүхдүүдээ бодоод тэсдэг. Ингээд 2013 онд тэвчээрийн утас тасарч, Барановская гэр бүлээ цуцлуулахаар шүүхэд ханджээ. Аршавинаас салахдаа Барановская түүний гурав дахь хүүхдийг хэвлийдээ тээж байв.

“Нэг удаа би эмнэлэгт хэвтэж байгаад түүнээс машиныг гэрийн ойролцоо тавихыг гуйсан юм. Гэтэл тэр намайг шууд зодож эхэлсэн. Тэгэхэд яаж миний оёдол задарчихаагүй юм. Өвдөлт, гомдол, доромжлолыг зэрэг мэдрэхдээ би их уйлсан” хэмээн бичжээ.

Мөн Аршавин байсхийгээд л согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ зодож, нэг удаа машинд хүчиндсэн тухай дурьдсан байна.

“Тэгэхэд би цагдаа дуудаж болох байсан. Гэвч хөлбөмбөгчийн замналыг нь цэглэчих байх гэж бодсон юм. Харин одоо яагаад өрөвдөж байснаа ч ойлгохгүй байна. Намайг гэр бүлээ цуцлуулахаар шийдэхэд тэр баахан бэлэг өгч эхэлсэн. Гэвч би түүний хяналт, нударга дор цаашид амьдрахыг хүсээгүй. Гэрээсээ ч гарах эрхгүй эхнэртэй байхыг тэр хүссэн. Харин би галзуурах дөхөж байлаа” хэмээн Барановская өгүүлжээ.

Гэр бүлээ цуцлуулснаас хойш Аршавин хүүхдүүдтэйгээ огт уулзаагүй аж.

“Хүүхдүүдтэйгээ таван жилийн турш ганц ч харилцаагүй хүнийг та нар “аав” гэж хэлж чадах уу? Миний бодлоор ийм зан үйлдэлд ямар ч зөвтгөл байх ёсгүй. Аав гэдэг бол эхний ээлжинд хариуцлага. Тэрнээс төрсний гэрчилгээ дээр бичсэн хоосон нэр биш. Гэхдээ та нар өөрсдөө энэ талаар бодно биз…” хэмээн Барановская үргэлжлүүлэн бичжээ.

33 настай Юлия Барановская одоо сайн үйлсийн ажил эрхэлж, телевизийн хөтлөгчөөр ажилладаг.

Харин Аршавины хувьд сэтгүүлч бүсгүй Алиса Кузьминатай гэрлэж, Есения гэх охинтой болсон. Гэлээ ч саявтархан Алиса Кузьмина хөлбөмбөгчтэй харилцаагаа бүрэн тасалснаа зарлаад “Түүнтэй хамт амьдарсан жилүүд аймшигтай зүүд шиг байлаа” гэж тодорхойлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE