Гурван ёкозүна Хацу башёд оролцох уу?

Мэргэжлийн сумогийн 2019 оны эхний башё ирэх ням гаригт буюу нэгдүгээр сарын 13-нд эхэлнэ. Өнгөрсөн Кюүшюү башёд гурван ёкозүнагаас Кисэносато ганцаар оролцсон ч эхний өдрүүдэд дараалан ялагдсныхаа дараагаар  гэмтлээр шалтаглан тэмцээнээс гарсан билээ.

Тэгвэл Хацу башёд гурван ёкозүнагаас Хакухо М.Даваажаргал, Какурюү М.Ананд нар барилдах шинжтэй байгаа гэнэ.

Хакухо өвдгөндөө хагалгаа хийлгэсэн нь бүрэн эдгэж, тойргийн барилдаанд оролцсон. Харин өчигдөр  дэвжээнийхээ Энхотой 10 удаа барилдаж, 9 давжээ. Хакухо бэлтгэл сайтай байгаагаа дурьдаад ирэх башёд бэлэн гэж хэлсэн байна.

Ёкозүна Какурюү М.Ананд өчигдөр Шодайтай 12 удаа барилдаж, бүгдэд нь ялжээ.  “Бэлтгэл ханаж, бие хөнгөхөн сайхан байна. Гэмтэлгүйгээр барилдах сайхан. Хацу башёд оролцохыг хүсч байна. Сайн барилдахыг зорино” хэмээн Какурюү өгүүлжээ.

Тэгвэл Кисэносато өчигдөр барилдалгүй зөвхөн бие халаалт хийсэн гэнэ. Сүүлийн хэдэн хоногийн турш Кисэносато озэки Такаясүтай 83 удаа тулж барилдахдаа 66 удаа давсан дүнтэй байгаа ажээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE