Ерөнхийлөгчийн худ Хотын дарга болох уу?

 

МАН-ын Удирдах зөвлөл НИТХ-ын дарга С.Амарсайханыг Хотын дарга болгохыг дэмжсэн шийдвэр гаргасан.

Гэвч тэр хурлаас хойш арав гаруй хоносон ч НИТХ хуралдаж Хотын даргыг томилсонгүй.

Эх сурвалжуудын мэдээллээс харвал МАН-ын Удирдах зөвлөл ийн шийдсэн ч Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, УУХҮ-ийн сайд, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар нар санал зөрөлдөж, өөр өөрсдийн нэр дэвшигчдээ зүтгүүлээд байгаа учраас НИТХ хуралдвал юу ч болж магадгүй болоод байгаа гэж байна.

Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх С.Амарсайханыг, Д.Сумъяабазар Б.Мөнхбаатарыг дэмжиж зүтгүүлж байгаа. Энэ хоёроос гадна НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга байсан С.Мөнхчулуун бас дундуур нь “гүйчих” санаатай лообий хийгээд яваа аж.

Нөгөөтэйгүүр НИТХ дахь МАН-ын бүлгийн төлөөлөгчдийн олонх нь С.Амарсайханыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Ер нь бол НИТХ-ын төлөөлөгчдийн дунд НИТХ-ын дарга С.Амарсайханы нэр хүнд сайнгүй байгаатай холбоотойгоор Хотын даргыг сонгох хурал хойшлоод байгаа гэсэн үг.

С.Амарсайхан НИТХ-ын дарга болохдоо НИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан гэдэг эмэгтэйтэй өрсөлдөж хоёр удаа санал хураалгаж байж нэг саналаар ялж байсан юм.

Үүнээс гадна, энд нэг сонирхолтой зүйл бий.

Хэрвээ энэ бүхний дүнд С.Амарсайхан ялах юм бол Ерөнхийлөгч Х.Баттулга Хотын дарга худтай болно.

С.Амарсайханы ах УИХ-ын гишүүн асан С.Отгонбаярын хүү Ерөнхийлөгч Х.Баттулгын охинтой гэр бүл болсон. Тэд худууд юм.

Эх сурвалж:www.news1.mn Д.Бат-Очир

 

SHARE