Гвардиола: “Ливерпуль” 29 жил аваргын цомоор ангаж цангаж буйг би ойлгож байна

Өнөө орой Английн Премьер лигийн 21 дүгээр тойрогт “Манчестер Сити” талбайдаа “Ливерпуль”-ийг хүлээн авна. Лигийг “Ливерпуль” тэргүүлж тэднээс долоон онооны зөрүүтэйгээр “Манчестер Сити” аман хүзүүнд яваа билээ. Тус тоглолтын өмнөх хэвлэлийн хурал дээр Пеп Гвардиола 29 жилийн турш өрсөлдөгч нь лигийнхээ аваргын цом гардаагүй явааг дурьдаад авчээ.

“Аваргын цомоор ангаж цангасан тэр мэдрэмжийг өнгөрсөн улиралд хөлбөмбөгчдөдөө мэдрүүлэхэд илүү амар байж. Учир нь манай тоглогчдын 80 хувь нь аваргын цом гардаагүй залуус байлаа.

Харин одоо яг түүнтэй адил “Ливерпуль”-ийнхэн аваргын цомоор ангаж цангаж буйг би ойлгож байна. Премьер лигт 29 жил түрүүлээгүй баг аварга болох боломжийн төлөө ингэж тэмцэхээс аргагүй. Үүнийг нь би ойлгож байна.

Би багийнхаа залууст хэлсэн. Аварга болох тэр хүсэл, цомоор ангасан тэр байдлыг өөртөө хадгалж, тэмүүлэхэд амаргүй гэж. Бид аль болох л энэ мэдрэмжийг өөртөө хадгалж, урагшаа зүтгэх хэрэгтэй.

Бид энэ тоглолтод тун хариуцлагатай хандах учиртай. “Лестер” болон “Челси” аварга болсныхоо дараа улиралд дахиад өрсөлдөөнд тэмүүлэл дүүрэн оролцоход хэцүү байсныг би ойлгоно.

Харин бид аваргын төлөөх өрсөлдөөнд яваа. Багагүй оноо цуглууллаа. Хэдийгээр манай өрсөлдөгч хүчтэй ч гэсэн бид тэмцэлдсээр байна. Өмнө дахиад олон тоглолт байна. “Ливерпуль” оноо алдах л болно. Тэгээд юу болохыг харцгаая” хэмээн Гвардиола өгүүлжээ.

“Манчестер Сити”-“Ливерпуль”-ийн тоглолт өнөө шөнө 04:00 цагаас эхэлнэ

news1.mn Р.Гэгээ

SHARE