Овечкин Бүх Оддын тоглолтод оролцохоос татгалзав

Стэнлийн цомын эзэн, ОХУ-ын нэрт хоккейчин Александр Овечкин NHL-ийн Бүх Оддын тоглолтод оролцохооос татгалзлаа. Бүх Оддын тоглолтод оролцох тамирчдыг шалгаруулах санал асуулгаар Александр Овечкин ахлагчаар сонгогдоод байсан юм.

NHL-ийн журмын дагуу Бүх Оддын тоглолтод шалгарсан тамирчин тус тоглолтын өмнөх юмуу эсвэл дараахь аль нэг тоглолтыг өнжиж амрах эрхтэй байдаг. Тэгвэл “Вашингтон Кэпиталз”-ын орос ахлагч Александр Овечкин энэ сарын 26-нд Сан-Хосед болох Бүх Оддын тоглолтод оролцолгүй, нэг долоо хоног сайн амрахыг илүүд үзжээ.

“Миний төлөө санал өгсөн хөгжөөн дэмжигч бүрт талархлаа илэрхийлье. Иймэрхүү тоглолтуудад би оролцох дуртай. Гэвч насаа бодоод энэ удаад оролцохгүй байсан нь дээр гэсэн амаргүй шийдвэр гаргалаа” хэмээн 33 настай Овечкин өгүүлжээ.

Энэ улиралд Овечкин 38 тоглолтод гарч 45 оноо /29 гоол+16 гоолын дамжуулалт/ авч, мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж яваа.

Овечкин нийтдээ долоон удаа NHL-ийн Бүх Оддын тоглолтод оролцсон бөгөөд энэ үзүүлэлтээр ЗХУ болон ОХУ-ын тамирчдыг тэргүүлдэг. Сергей Федоров, Павел Буре нар тус бүр зургаан удаа Бүх Боддын тоглолтод оролцсон байдаг.

News1.mn Р.Гэгээ

SHARE