XXI зууны Хятад улс 21 оны гамин биш

Салхитын мөнгөний ордын лицензийг цуцалсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хоёр 2018 оны сүүлийн өдрүүдэд БААТАР боллоо. Гэхдээ цахим сүлжээнд шүү.

Тэднийг магтаад л, онгироогоод л байна.

Гэхдээ тэд энэ үйлдлийнхээ зөв бурууг хэрхэн үзэж байгаа бол. Өөрсдөө хийсэн болохоор ЗӨВ л гэж байгаа байх.

Гэвч нэг л буруу үйлдэл болчих шиг боллоо гэж учир мэдэх хүмүүс дуугараад эхэлж байна.

Салхитын мөнгөний ордыг эзэмшиж байсан хятад эзэтэй компани Монголын хуулийг зөрчсөн бол хариуцлага хүлээлгэх ёстой. Лицензийг нь ч цуцлах ёстой. Эзэн нь хятад байна уу, солонгос байна уу хамаагүй. Харин энэ бүх үйлдэл хуулийн дагуу явах ёстой юм.

Хууль хүчний байгууллагынхныг телевизийн камерын өмнө тусгай ажилагаа хийлгэж, түүнийг нь олон нийт нэг их сайшаахгүй байна. Угаасаа сайхан харагдахгүй байгаа юм. Энэ гол нь биш.

Хамгийн гол нь “Муусайн хятадууд” гэдэг уулгалал цахим сүлжээнд давлагаалж байна. Энэ сайн зүйл биш.

Товчхондоо, бид байтугай дэлхий тэр чигтээ Хятадыг хардаг болсон энэ цаг үед дээрх үйлдэл хэр зэрэг оновчтой болсныг бид нягтлах ёстой.

Тэр бүү хэл, УИХ-д гурван удаа сонгогдсон, Гадаад харилцааны сайд байсан Г.Занданшатар энэ ажиллагааг толгойлон оролцсон нь гадаад ертөнцөд, хөрөнгө оруулагчдад таатай харагдсангүй гэхэд болно.

Тэр яг л 1921 онд Хиагтыг гамингаас чөлөөлөөд цэргүүдийнхээ өмнө “Ура” хашгирч байгаа Сүх жанжин гэж өөрийгөө төсөөлж байгаа юм шиг харагдаж байсныг энд хэлье.

Гэтэл XXI зууны Хятад улс 21 оны гамин биш шүү дээ.

Эх сурвалж: www.news1.mn Д.Бат-Очир

SHARE