Энэ мэтийн Тоодгорууд л Төрийг гутаагаад байгаа юм

Жа лам буюу Дамбийжанцангийн туслах Дэрмээбаатарыг түүхэнд ч, аман ярианд ч бид Дамбийжаагийн Тоодгор гэж нэрлэсээр ирсэн.

Яг үнэндээ Жа ламаас илүү Дамбийжаагийн Тоодгор цусанд дуртай нэгэн байсан гэдэг.

“Богд хаант Монгол Улсын төрийн зүтгэлтэн, жанжин баатрууд” номонд Дэрмээбаатар буюу Тоодгорыг илтгэх хэдхэн өгүүлбэр бий.

Тэнд “…Жа ламыг хурал ном айлдаж байхад Дэрмээбаатар орж ирэн “Багшаа хоёр хятад олоод ирлээ. Зүрхийг нь сугалах уу” гэжээ. Ном айлдаж, мэргэ тавьж байсан Жа багш хя­ламхийн “Би энд ажилтай байна. Цаанаа байж бай” гэсэн аж. Төд удалгүй Дэрмээбаатар сэ­лэмнээсээ цус дуслуулан орж ирээд “Багшаа зүрхийг нь сугал­чихаад ирлээ” гэсэн хэсэг бий.

Гэвч түүхэнд Жа ламын харгис хэрцгий араншин, үйлдэл ихээр тэмдэглэгдэн үлдсэн байдаг юм.

Үүнийг дурдсан нь учиртай.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөх А.Үйлстөгөлдөр гэж нөхөр бий. Шадар сайд байхаас нь тусалж, зөвлөсөөр ирсэн байдаг.

Энэ нөхөр У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болсноос хойш цахим хуудсаар элдвийн мэдэгдэл хийж суудаг боллоо. Доор нь Ерөнхий сайдын Ажлын алба гээд биччихнэ.

Харамсалтай нь А.Үйлстөгөлдөр гэгчийн мэдэгдлийн агуулга, сэдэв нь ядмаг гэж жигтэйхэн.

Хамгийн сүүлд “М.Энхболд, У.Хүрэлсүх хоёр уулзаагүй. Уулзсан гэж биднийг гүтгэлээ” гэж мэдэгдэл хийсэн байна.

Хэдэн сарын өмнө дөө, өөрөөс нь урьд У.Хүрэлсүхийн туслах байсан залууг баривчлагдахад “Манайхаас Э нэртэй хүн байхгүй. Баригдсан хүн бидэнд хамаагүй” гэж солиорсон.

Манай хэвлэлүүд ч энэ хөгийн юмыг нь шүүрч аваад л дамжуулахыг яана. Ерөнхий сайдын зөвлөх юм болохоор үгийг нь дамжуулах хэрэгтэй гэж үздэг биз ээ.

Гэвч А.Үйлстөгөлдөр гэдэг хүний тухай ингээд бичиж суухад ч цаг хайран л байна.

Гэхдээ Жа ламыг түүхэнд хар нэртэй үлдэхэд ихээхэн нэмэр болсон Тоодгортой адил У.Хүрэлсүхийг ажлаа хийхгүй, попдоод байна гэдэг хэл ярианд оруулаад байгаа өнөө цагийн Тоодгор бол энэ Үйлстөгөлдөр мөнөөс мөн.

Товчхондоо, энэ мэтийн Тоодгорууд л төрийг гутаагаад байгаа юм.

Эх сурвалж: www.news1.mn Д.Бат-Очир

SHARE